Эрчим хүчний мэргэжилтнүүдийг гурав дахь тогоо ихээхэн түгшээж байгаа юм. Японы Атомын болон аж үйлдвэрийн аюулгүй байдлын агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Хидехико Нишияма гуравдугаар тогоог гэмтсэн байж магадгүй гэлээ. Блокийн дотор талд радиацийн төвшин өндөр байгаагаас тэр ингэж хэлжээ.
Радиацийн эх үүсвэр нь түлшний савханцарууд эсвэл цөмийн түлш шавхагдсан усан сан байж болох юм. Урьд өдөр нь тэнд ажиллаж байсан гурван ажилчин цацраг туяанд ихээр хорджээ. Компани одоо блокт хуралдсан усны хаягдлыг зайлуулах боломжийг судалж байна. Батлан хамгаалах яамны сайд Тошима Китазава АЦС-ын цэвэрлэхэд Америкийн цэргийнхэн тусална гэж мэдэгдэв. Америкийн мэргэжилтнүүд чухам юу хийх талаар тэр тодруулаагүй ч цөмийн тогооны хөргөлтөд туслана гэжээ.
Станцаас 30 км-ийн бүсэд байгаа ард иргэдийг өөрсдөө нүүхийг эрх баригчид санал болгов. Японы Шинжлэх ухаан, тээврийн яам тайлбарлахдаа 30 км-ийн бүсэд байгаа хүмүүс нэг хоногийн дотор жилийн радиацийн хэмжээтэй тэнцэх цацраг идэвхт бодист хордоно гэсэн байна. Үүний зэрэгцээ бохирдлын бүсэд ажиллахгүй болж байгааг тээврийн компаниуд мэдэгджээ. Тус бүсийн иргэд ойрын хугацаанд хүнс, хоолны дутагдалд орно гэж эрх баригчид үзлээ. Сайн дураараа нүүгсдэд Засгийн газар туслана гэж танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Юкио Эдано мэдэгдлээ. Орон гэргүй болсон хүмүүст илүү тав тухтай байр сууцыг хайж байна. Тэдний зарим нь Токиогийн төвд ерөнхийлөгчийн буудалд амьдрах болов. Дөчин давхар Grand Akasaka Hotel Prince буудалд одууд, улстөрчид буудаллаж байлаа. Байшин хуучирсан учир энэ жил буулгахаар төлөвлөсөн байв. Эзэн нь байрнуудад орон гэргүй хүмүүсийг байрлуулах санал гаргажээ. Нийт 700 орчим өрөөнд 1600 хүнийг байрлуулах гэнэ.
Орон гэргүй болсон хүмүүс гэртээ үлдээсэн нохой муурандаа санаа зовж байгаа аж. Гимназийн ойролцоох модноос зургаан настай Сар гэх нэртэй бигль нохойг уяжээ. Дэргэд нь цаасан хайрцагаар хийсэн урц, хоёр дэр байх аж. Савтай ус нь хөлдсөн байв. Нохойн эзэн 55 настай Масами Эдно түр байрандаа нохойгоо авчирч чадахгүй учир өдөр бүр хоолыг нь зөөх болжээ. Түр байрны ойролцоо тавьсан машинд нэгэн перс муур амьдарна. “Муур маань ихээхэн муухай зантай болж бас өвджээ. Тэр бол манай гэр бүлийн хэсэг гэтэл түүнийг түр байранд авч болохгүй. Ганцаардаж байх шиг байна” гэж муурны эзэн Тамае Морино ярив. Бидэнтэй байгаа нь түүнд аз юм. Гамшгийн дараа олон муур алга болсон гэж эзэгтэй нэмэн хэллээ.
Эдгээр амьтдын эзэд нь байгаа учир азтай гэхээр. Цунамид нэрвэгдсэн нутаг дэвсгэрт олон амьтад хаягдаж хоцорчээ. Шавар , шороо болсон амьтад хоол хүнс, эздээ хайн нуранги дундуур хэснэ. “Цунами гэрийн тэжээмэл амьтдын хувьд том гай авчирчээ. Тэдний олонх нь АЦС-ын хавийн бүсэд үлдсэн” гэж Олон улсын нохойн United Kennel Club клубын Японы салбарын төлөөлөгч Сугано Хосо ярьж байна. Эрх баригчид тэжээвэр амьтдыг авчрахыг зөвшөөрөхгүй байна гэж иргэд гомдол гаргалаа. Хосо ба түүний нөхөд, тэнэмэл болсон эзэнгүй амьтадад туслахаар хоол зөөж байна. “Бид Засгийн газарт эзгүй бүсээс амьтадыг аврах санал тавьсан ч тэд зөвшөөрөхгүй байна” гэж Хосо хэллээ.
Арахама хотын амьтны дэлгүүрийн эзэн Рио Тайра эзэд нь орхиж явсан амьтдыг түр хугацаагаар хүлээн авч байна. Одоо 80 орчим нохой муур цугларчээ. Тэдний давхарлан тавьсан хайрцагт тэжээж байгаа ажээ. Өдөр бүр сайн дурынхан амьтдыг салхилуулдаг гэнэ. “Цунамийн уршгаар хамаатан саднаа алдсан хүмүүс сэтгэл маш хүнд дарамтад байгаа. Тэдэнд амьтдаа анхаарах сэгээ алга. Энэ хүнд нөхцөлд бид хүмүүст тусалж байна” гэж Тайра ярилаа.