Нисэх буудалд цагдаа нарыг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Нисэх буудалд цагдаа нарыг хөнөөжээ

Мехико хотын нисэх онгоцны буудалд цагдаагийн гурван ажилтан буудуулж, амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Мексикийн Аюулаас хамгаалахын сайдын мэдэгдсэнээр нисэх онгоцны буудалд хар тамхи хууль бусаар хил гаргахаар завдсан этгээдүүдийг баривчлахаар цагдаа дуудсан аж. Хар тамхи зөөвөрлөж, гааль дээр саатуулагдсан этгээд гал нээсний улмаас цагдаагийн хоёр ажилтан газар дээрээ нас барж, нэг нь эмнэлэгт очоод амьсгал хураасан байна. Халдлага гарсан нисэх буудлыг өндөр хамгаалалтад авсан боловч нислэгүүдийг цуцлаагүй гэнэ. Гэрчүүдийн мэдээлснээр тус нисэх буудлын Терминал 2-т буун дуу гарчээ. Сэжигтэн этгээдүүдийг  цагдаа нар бүслэх үед тэрбээр тэдэн рүү гал нээсэн гэнэ. Түүнчлэн гал нээсэн этгээдүүд цагдаагийн дүрэмт хувцастай байсан тухай гэрчүүд хэлжээ.

Холбооны аюулаас хамгаалах алба сэжигтэн этгээдүүд үнэхээр цагдаагийн албан хаагчид байсан уу, эсвэл чөлөөнд гарсан цагдаагийн оффицерууд байсан уу гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Мексикт гэгээн цагаан өдрөөр олон нийтийн газар гал нээх нь маш ховор тохиолдол боловч хар тамхины бүлэглэлүүдийн өшөө авалт, дайнаас үүдэлтэй аллага олон гардаг. Хар тамхи зөөвөрлөгчид , хууль бус цагаачид Мехико хотын нисэх онгоцны буудлаар нэвтрэхийг завддаг аж. Он гарснаас хойш тус нисэх буудлын шалган нэвтрүүлэх алба 200 кг кокайн илрүүлжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж