Энэ асуудалд УБЕГ-ын дэд дарга Т.Билгүүн, Иргэний бүртгэл, мэдээллийн хэлтсийн дарга Б.Наранцэцэг, Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга Б.Энхболд, Сүхбаатар дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга Н.Лхагвацэрэн нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УБЕГ-ын дэд дарга Т.Билгүүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Нэрсийн жагсаалтад хэдэн сонгогч бүртгэгдсэн байгаа вэ?
-Нэрсийн жагсаалтын эцсийн дүн өнөөдөр орой гарна. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар баривчлагдсан, түр саатуулагдсан, цагдан хоригдсон иргэдийг ШШГЕГ, цагдаагийн байгууллага сонгууль болохоос тав хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлсэн байх ёстой. Үүний дагуу энэ сарын 23-нд сонгочдын нэрс эцсийн хувилбараар хэсгийн хороодод очсон байгаа. Нэгтгэсэн дүн өнөөдөр оройдоо гарна.
-Цахим үнэмлэх авахдаа хуучин иргэний үнэмлэхийг хүчингүй болгохгүй байна гэж үнэн үү?
-Мөрдөгдөж байгаа журмын дагуу шинээр цахим үнэмлэх олгохдоо хуучин иргэний үнэмлэхний баруун дээд талыг хайчлан хүчингүй болгох ёстой. УИХ-ын дэд хороонд НИТХ-д нэр дэвшигч н.Ариунболд гэх иргэн хоёр хүчинтэй иргэний үнэмлэх канондсон баримт илгээсэн байсан. Нийслэлийн бүртгэлийн газар үүнд шалгалт хийсэн. Тухайн цахим үнэмлэхийг олгосон улсын бүртгэгч н.Оюунтунгалаг “н.Ариунболд нь хуучин үнэмлэхийг нь хүчингүй болгох гэтэл тэрээр булаан, авч явсан” гэх тайлбарыг хийсэн. Одоогийн байдлаар бүртгэлийн байгуулагын буруутай үйлдлээс болж иргэдийн сонгох эрх зөрчигдсөн, эсхүл УБЕГ, нийслэл, аймгийн бүртгэлийн хэлтэсүүд хууль тогтоомж зөрчсөн нэг ч үйлдэл нотлогдоогүй байна.
-Иргэдээс огт танихгүй хүн өөрийнх нь хаяг дээр бүртгэгдсэн байна хэмээн мэдэгдсээр байгаа?
-Огт танихгүй хүмүүс өөрийн хаяг дээр бүртгэлтэй байна гэх гомдлыг манай байгууллага болон УИХ-ын дэд хорооонд өгч байгаа юм. Бид бүх хүсэлт, гомдол өргөдөлд хууль хяналтын байгууллагатай хамтран шалтгалт хийсэн. Жишээ нь, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд Төмрийн заводын гэх байранд огт хүн амьдардаггүй байранд олон тооны сонгогчийн нэрс байна гэсэн мэдээлэл хэвлэлд нийтлэгдсэн байсан. Шалгаж үзэхэд, энэхүү байрыг нураагаад дахин барилга барих гэж байгаа юм билээ. Оршин сууж байсан иргэд нь байр хөлсөлж, айлд түр хугацаагаар амьдарч байгаа гэсэн. Оршин суугчид нь шинэээр баригдах байранд орох гэж байгаа тул энэ хаяг дээрээ бүртгэлтэй байгаа юм. Яг иймэрхүү тохиолдлууд маш их байгаа юм.
-Нэг хаяган дээр 169 иргэн бүртгэлтэй байна гэсэн мэдээлэл байсан. Үүнийг шалгаж үзсэн үү?
-Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд “Хар усан тохой” гэх хаяг дээр нийт 169 сонгогч бүртгэлтэй байна гэх мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу хууль хяналтынхан газар дээр нь очиж, шалгалт хийсэн гэсэн. Гачуурт тосгон нь газар нутгийн хувьд харьцангуй том, энэ утгаараа иргэд зөвшөөрөлгүй оршин суух нь элбэг байдаг. Шалгалтаар Гачуурт тосгоны хаягийн бүртгэл хийлгээгүй, оршин суух зөвшөөрөл аваагүй тэр хавийн иргэдийг “Хар усан тохой” гэх хаяган дээр бүртгэсэн нь тогтоогдсон. Мөн тодруулж хэлэхэд, УБЕГ нь оршин суух хаяг олгодоггүй, энэ бол иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг дарга нарын мэдэх хэрэг.