Тогтвортой хөгжлийн асуудлаарх НҮБ-ын гурав дахь бага хурлын өндөр түвшний хуралдааны нээлт зургадугаар сарын 20-ны өдөр Бразил улсын Рио де Жанейро хотноо боллоо. Бага хурлын үйл ажиллагаанд дэлхийн 193 орны 40 мянга орчим төлөөлөгч, хэвлэл мэдээлийн ажилтан, иргэний нийгмийн төлөөлөл оролцож байна.
Тогтвортой хөгжлийн асуудлаарх НҮБ-ын анхны бага хурал Рио де Жанейро хотноо 1992 онд болж тус бага хурлаар тогтвортой хөгжлийн үндсэн зарчим, зорилтуудыг тохиролцож, түүнд хүрэх арга замуудыг тодорхойлсон билээ. Тус бага хурлаас хүрээлэн буй орчны хамгаалал, нийгэм, эдийн засгийн хөгжлийг тогтвортой хөгжлийн тулгын 3 чулуу хэмээн тунхаглаж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх “Хөтөлбөр-21”-ийг баталсан юм.
Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хэлэлцэх хоёр дахь бага хурлыг Өмнөд Африкийн Йоханесбург хотноо 2002 онд зохион байгуулж, тус бага хурлаас химийн бүтээгдэхүүний хэрэглээний талаарх шинэ зорилтууд, загасны нөөцийг хадгалах, сэргээгдэх эрчим хүч, биологийн төрөл зүйлийг хамгаалах зэрэг тодорхой зорилтууд бүхий “Тогтвортой хөгжлийн талаарх Йоханнесбургийн тунхаглал” баримт бичгийг баталжээ.
Хорин жилийн дараа Рио де Жанейро хотноо дахин болж буй гурав дахь бага хурлыг “Тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг арилгах хүрээний ногоон эдийн засаг” болон “Тогтвортой хөгжил дэх засаглалын хүрээ” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд улс орнууд тогтвортой хөгжлийн асуудлаарх өмнөх бага хурлуудаар хүлээсэн үүрэг амлалтуудаа нотлох, ногоон эдийн засгийн зарчмуудыг тохиролцох, түүнд хүрэх арга замыг тодорхойлох, тогтвортой хөгжлийн засаглалыг бэхжүүлэх талаар тодорхой тохиролцоонд хүрээд байна.
Тус бага хурлын өндөр түвшний хуралдаан 6 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд болж, түүнд дэлхийн 120 орчим улсын төр, засгийн тэргүүн болон 60 гаруй улсын засгийн газрын гишүүн оролцов. Тус бага хуралд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг оролцож үг хэлэв.
Тэрбээр тогтвортой хөгжлийг хангах талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулах арга замын талаар мэдээлэл хийж, тогтвортой хөгжлийг хангахад ногоон эдийн засгийг хөгжүүлэх, түүний тулд байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг 2020 он гэхэд 20 хувьд хүргэх зорилт дэвшүүлээд байгааг онцлов.
Түүнчлэн манай төлөөлөгчид Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах талаар өнгөрсөн хорин жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар бага хуралд оролцогчдод зориулан 6 дугаар сарын 21-ний өдөр сэдэвчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулав. Сэдэвчилсэн хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын тогтвортой хөгжлийн тухай баримтат киног үзүүлж, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үндэсний илтгэлийг танилцуулав.
Үндэсний илтгэлийн дараа Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх боломж, тухайлбал, “Gobi-Teh & Asia super grid” төслийн талаар танилцуулж, говийн бүс нутгийн нар, салхины нөөцийг ашиглаж сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах, экспортлох боломжийн талаар хэлэлцүүлэгт оролцогчдод мэдээлэл хийв. Манай улсаас зохион байгуулагдсан сэдэвчилсэн хэлэлцүүлэгт 40 орчим төлөөлөгч оролцож, асуулт асуух, санал бодлоо илэрхийлэх зэргээр идэвхтэй оролцов гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.