”Уг нь би хүнд гэмгүй хүн шүү дээ”

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

”Уг нь би хүнд гэмгүй хүн шүү дээ”

Б.Гэрэлчулуун Монголын гоо бүсгүйчүүдийн нэг. Тэрбээр “Miss Mongolia-2007” тэмцээнээс Гранпри шагнал хүртэж, Малайзад болсон “Miss International-2007” тэмцээ­нээс “Best National Costumes” өргөмжлөл хүрт­сэн. Мөн “Гоёл” наадмаас 2006 онд тусгай, 2010 онд дэд, 2011 онд тэргүүн байрын шагнал хүртэж,  “Хаврын гоёл-2009”-ийн шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байсан билээ. Тэрбээр хос мэргэжилтэй. Өөрийг нь бусдад илүү таниулсан бүтээл нь МҮОНТ-ийн “Тусгай салаа” олон ангит киноны дэд ахлагч Номингийн дүр.

Б.Гэрэлчулуун өчиг­дөр БНХАУ-ыг зорьсон. Хэлний боловсролоо дээшлүүлэх гэж байгаа юм билээ. Түүнтэй явахаас нь өмнөхөн уулзаж ярилцлаа.

-Таныг өмнөд хөрш рүү сурахаар явах гэж байгаа гэж сонслоо. Хэдэн жилийн хугацаатай суралцах вэ?

-Хоёр жил гаруй болно. Гэхдээ эх орондоо ирж, очин байна аа.

-Яагаад хятад хэлийг сонгов?

-Өнөө цагт хятад хэл бараг дэлхийн хоёр дахь хэл болоод байна шүү дээ. Тэгээд ч миний сонирхол энэ.

-Таныг саяхан казак залуу­тай холбогдлоо гэж сонссон?

-Худлаа. Миний талаар ташаа мэдээлэл олон гардаг юм. Харин энэ удаагийн ярианд маш их бухимдалтай байгаа. Энэ мэдээлэл үнэн худал нь мэдэгдэхгүй ичгүүр сонжуургүй зүйл бичдэг нэг сэтгүүлд гарсантай холбоотой. Би тэр сэтгүүлийнхэнтэй тооцоо бодно оо.

-Яаж тооцоо бодох гэж байгаа вэ?

-Өмгөөлөгчдөө хэлсэн. Хэрхэн шийдвэрлэхийг нь харна.

-Таныг “Тусгай салаа” уран сайхны кинонд тоглосноос хойш худал мэдээлэл улам олон цацагдах болсон…

-Харин тийм ээ. Уг нь би хүнд гэмгүй хүн шүү дээ. Ингэж мэдээлэл бичээд байгаа хүмүүс намайг тойроод өнгөрч болохгүй л байгаа юм байх даа.

-Найз залуу тань юу гэж байна вэ. Хаана ажилладаг гэлээ?

-Юу гэх вэ дээ. Намайг мэдэж байгаа юм чинь “Ингэж худлаа бичиж яадаг байна аа” гэж байсан. “Алтай констракшн” компанид ажилладаг.

-Гадаад явна гэхээр найз залуу нь дургүйцэхгүй юу?

-Мэргэжил, боловсролоо дээшлүүлэх гэж байгаад бүр ч их дэмжсэн.

-Хэзээ ээж болох гэж байна вэ?

-Миний нас тийм ч их явчихаагүй байна шүү дээ. Тиймээс энэ талд нэг их санаа зовохгүй байгаа.

-Кино, клипэнд тоглох санал олон ирж байна уу?

-Цөөхөн ирсэн. Голдуу рекламных. Заримд нь тоглосон. Гэхдээ би сүүлийн үед санал тавьсан болгонтой хамтарч ажиллахыг хүсэхгүй байна. Анх болсон, болоогүй олон л клипэнд тоглосон. Одоо үзэхээр ичээд байдаг юм. Жаахан байсан болоод ч тэр үү, “Зурагтаар гарвал гоё” гээд бодчихсон, юм бүхний түрүүнд л гүйж явдаг байлаа. Харин одоо өөрийгөө жаахан “нөөцлөхөөр” шийдсэн. Хаашаа л харна, нөгөө л Гэрэлчулуун харагдаад байвал онцгүй шүү дээ. “Өө, өнөө Гэгээ чинь улиг боллоо. Өөр шинэ дүр төрх хайя” гэх хүн олон таарна. Чанартай, даацтай уран бүтээл, эсвэл томоохон сурталчилгаанд тоглох санал ирвэл бодож үзнэ ээ.

-Цаашдаа уран бүтээл, загварын тайз хоёрын алийг нь голчлох вэ?

-Жүжиглэх, загвар өмсөх нь миний мэргэжил. Тиймээс аль алинд нь зүтгэнэ. Бага байхаасаа авьяаслаг, сайхан жүжигчдийг хараад хэзээ нэгэн цагт эд нар шиг мундаг уран бүтээлч болох хүсэлд автдаг байв. Хүн ер нь өөрийнхөө

дуртай зүйлийг хийхдээ аз жаргалтай байдаг шүү дээ. Энэ мэргэжлээр сурч, ажиллаж байхад минь яг л тийм гоё мэдрэмж надад төрдөг. Гэхдээ эмэгтэй хүн мэдлэг боловсрол сайтай, амьдралаа авч явах чадвартай байх ёстой.

-Тантай адил нэртэй эрчүүд олон байдаг санагдах юм.

-Аав минь “Гэрэл шиг гэгээтэй, чулуу шиг бат бөх байгаасай” гэж хүсч Гэрэлчулуун гэж чихэнд минь шивнэсэн гэсэн. Гэхдээ дунд ангид байхад зарим хүүхэд эрэгтэй нэртэй гэж шоолдог байсан. Би нэрнээсээ ичдэггүй ээ.

-Гэхдээ таныг голдуу Гэгээ гэж дууддаг юм билээ?

-Манай загварын нэг эгч “Гэрэлчулуун гэхээр арай урт юм. Гэгээ гэж дуудлаа шүү” гээд энэ нэрийг өгсөн юм.

-Та бодож байснаас минь илүү энгийн юм.

-Би байгаагаараа л байдаг. Зарим бүсгүй шиг албаар маяглах гэдэггүй. Тийм хүнийг харахаар өмнөөс нь нүүр улайгаад байдаг юм. Ажлынхантайгаа заримдаа аль нэг ресторан, караокед орж хөгжилдөхөөр тэд “Чи дэндүү энгийн юм аа” гэдэг. Энэ байдлаараа ч “Тусгай салаа” кинонд Номингийн дүрийг давгүй гаргасан болов уу.

-“Тусгай салаа” гэснээс загвар өмсөгч хүн цэргийн бүсгүйн дүрийг гаргахад хэцүү байв уу?

-Би жүжигчнээс гадна мисс, загвар өмсөгч гэх хүндтэй нэрийг хүлээсэн. Жүжигчний мэргэжил, загварын ертөнц хоёр тэс өөр. Загварын ертөнцөөс жаахан ч атугай холдож, урлагийн мэргэжлээр сурахаар шамдсан эхний үед багш нартаа их зэмлүүлсэн дээ.

-Яагаад?

-Би чинь 14 настайгаасаа загварын ертөнцтэй холбогдсон юм. Тиймээс 18 хүрч оюутан болсон ч тэр байдлаасаа салж чадахгүй их зовсон. Загвар өмсөгч хүн тайзан дээр хэзээ ч ноомой царайлах ёсгүй. Үргэлж өөдрөг, бадрангуй алхах ёстой. Гэтэл жүжигчин хүн байнга л тийм цоглог, бадрангуй дүрд тоглоно гэж юу байх вэ. Сайхан, муухай гээд янз бүрийн дүрд ажиллана. Харин загварын тайзан дээр үргэлж гоё сайхан хувцас өмсч, бардам алхсаар байгаад муу зан сурсан гэх үү дээ. Жүжиглэх сургуулилалт дээр муухай дүрд хувирч чадахгүй, багш нарыгаа жаахан зовоосон. Гэхдээ мэргэжлийн хичээлийг нь судлаад эхлэхээр аяндаа өөрчлөгдсөн байх. Ямар ч үед өөдрөг явдаг бардам зан, нүүрэмгий байдал маань бараг алга болсон. Тиймээс цэргийн ангид байхад хэцүү зүйл тулгарч байсангүй. Надад тухайн орчинд дасан зохицох чадвар бүрэн бий. Цэргийн хувцас өмсчихөөд л гунхаж алхаад байвал утгагүй шүү дээ.

-Зарим охид гоё сайхан л байвал жүжигчин болох амархан гэдэг. Мэргэжлийн хэмжээний уран бүтээлч болохоос илүүтэй хялбар замаар нэрд гарч, олны танил болох хүсэлтэй нь ч цөөнгүй. Энэ талаар ямархуу бодолтой явдаг вэ?

-Ер нь бүх л салбарт гадаад төрх чухал. Сайхан залуу, царайлаг бүсгүй харсан ямар ч хүнд таатай сэтгэгдэл төрнө. Тэгэхээр өнөөгийн нийгэмд яалт ч үгүй бие галбир, царай зүс хардаг болж. Жүжигчний салбарт гарч ирж буй царайлаг сайхан охид хөвгүүд олон бий. Гэхдээ тэд зүс царайндаа эрдэхээс илүүтэй эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, мэргэших ёстой. “Би гоё сайхан юм чинь заавал гол дүрд тоглоно. Бүх зүйлд амжилт гаргана” гэж бодоод өөрийгөө хөгжүүлэхгүй байвал үнэхээр хэцүү. “Би” гэдэг вирусээр өвчилсөн хүн өөрийгөө бусдаас доогуур явж байна гэж бодох хэрэгтэй. “Би болоогүй байна. Үүнээс ч илүү их зүйл хийх хэрэгтэй” гэж өөрийгөө хурцалж байхгүй бол хоцрогдоно. Өөртөө дурлаж, өөрийгөө шүтэж амьдарч байтал өөрөөс нь ч илүү сайхан охид гарч ирвэл хүссэн хүсээгүй тэр хүн мартагдаж таарна.

-Гэхдээ гадаад төрх чухал гээд мэргэжлийн бус хүмүүсийг урлагийн салбарт уруу татах нь утгагүй биш үү?

-Сүүлийн үед, загвар өмсөгч, дуучид кино урлаг руу хошуурах болсон. Тэдний буруу биш. Найруулагчид киноны ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор санал тавьж байгаа хэрэг. Гэвч мэргэжлийн талаас нь авч үзвэл, энэ бүхэн маш том алдаа. Тэндээс чанаргүй уран бүтээл гарна. Загвар өмсөгч найзууд маань энд тэндхийн кинонд тоглож, нээлтдээ намайг урьдаг. Би киног нь үзээд урам өгнө өө. Гэхдээ мэргэжлийн хүний нүдээр харахад, тэдний тоглолтоос өөлөх зүйл олон гардаг.

-Кино дэлгэц, хошин урлаг, драмын тайзан дээр өнөө байдаг л жүжигчид харагдах юм. Тэгэхээр залуус жаахан дарагдаад байна уу даа?

-Өнөөдөр авьяас чадвараараа бусдыг манлайлж чадсан хүн л тайз эзэгнэнэ. Энэ бол урлагийн жам. Түүнээс биш “Энэ найзыгаа тоглуулах юмсан. Тэрийг ганц удаа гаргая” гэх нь утгагүй. Гудамжинд явж байгаа хэний ч танил бус нэг хүнийг кинондоо урьж тоглуулах найруулагч байхгүй шүү дээ. “Энэ үнэхээр гоё жүжигчин шүү. Түүний тоглолтыг л үзмээр байна” гэж хүмүүс хооронд нь их ялгаж салгадаг болсон. Тэгэхээр цөөн ч гэлээ, тэд ард түмнийхээ анхаарлыг татаж чаддаг учраас энэ дайтай яваа байх.

-Уран бүтээлчид цаг наргүй ажилладаг. Ажил мэргэжил, хувийн амьдралаа тооцоолсон уу?

-Цаг хугацааг нь нарийн товлоогүй ч амьдралынхаа ихэнх зүйлийг төлөвлөсөн. Манай урлагийн эмэгтэйчүүд үргэлж завгүй байдаг. Их хэцүү шүү дээ. Өглөө гараад үдшийн бүрийд гэртээ ордог учраас ажлын онцлог, зовлон бэрхшээлийг нь ойлгох хүн хэрэгтэй. Ойлгохгүй хүн таарвал хэцүүднэ. Гэхдээ найз залуу маань ажлыг минь ойлгох байх.

-Урлагт хөл тавихад гэрийнхэн тань хэр их дэмжсэн бэ?

-Айлын ганц хүүхэд болоод ч тэр үү, би их эрх. Анх урлагийн хүн болно гэдгээ дуулгахад гэрийнхэн маань нэг их таатай хүлээж аваагүй. Уг нь би эмч болно гэж боддог байлаа. Монгол-Энэтхэгийн хамтарсан дунд сургуульд химийн чиглэлээр дагнаж суралцаад ЭМШУИС-д орох санаатай байсан. Гэвч хүсэл сонирхол маань асар богино хугацаанд өөрчлөгдсөн. “Ирээдүйд яавал гоё байж, өөртөө кайфтай амьдрах вэ” гэж удтал бодсоны эцэст энэ мэргэжлээ сонгосон доо.

-Гоо сайхандаа хэр анхаардаг вэ. Нэг их буддаггүй байхаа?

-Энгийн үед нэг их будаж шунхдаад байдаггүй юм аа. Урлагийн тоглолт, загварын шоу зэрэгт үргэлж шахам будагтай явдаг болохоор боломж гарвал арьсаа амраахыг илүүд үздэг. Мөн аль болох өөрийнхөөрөө харагдаж, арьсаа арчлах дуртай.

-Олны танил болохоор эрчүүдийн хараанд өртөх нь элбэг биз?

-Тиймэрхүү асуудал гарна аа. Гэхдээ тэр бүхэнд нэг их уурлаж бухимддаггүй. Баяртайгаар хүлээж авах нь ч хаашаа юм. Тохирсон хариултыг нь л өгдөг. Гэхдээ эрчүүд утасны минь дугаарыг хаанаасаа ч олдог юм, бүү мэд. Янз бүрийн мессеж бичиж, орой үдшийн цагаар утасдаж л байдаг юм.

У.БАЯРСАЙХАН
“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж