Өвөрмонгол малчдын газрыг булааж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Өвөрмонгол малчдын газрыг булааж байна

Газар нутгийг нь булаан авч, орон нутгийн засаг захиргаа нөхөн олговор олгох амлалтандаа хүрээгүйг эсэргүүцсэн Өвөрмонголын Баяннуур хотын Урадын дунд хошууны Халиут тосгонд хэдэн зуун иргэд өнгөрсөн долоо хоногт буюу энэ зургадугаар сарын 19-нд жагсаал, хөдөлгөөн өрнүүлсэн гэнэ.

Шударга ёсыг шаардсан өвөрмонгол малчид “Авлигачид малчдын бэлчээрийн газрыг булаан авч байна” хэмээн эсэргүүцлийн лоозон барин хошууны засаг захиргааны байрны үүдэнд жагсчээ. Харин цагдаа нар малчдын эсэргүүцлийн жагсаалыг тэр дор нь тарааж, хошууны гудамж цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хаажээ. Урад дунд хошууны малчдаас Өвөрмонголын хүний эрхийг хамгаалах мэдээллийн төвд ирүүлсэн е-мэйлд Өвөр Монголын Баяннуур хотын Урадын дунд хошууны малчдын газрыг бүхэлд нь “Эко-системийг хамгаалж, бэлчээрийн газрыг сэргээх нэрийн дор Засгийн газар, орон нутгийн засаг захиргаанаас хятад бизнесменүүдийн төслийг дэмжиж буй талаар бичжээ. Хэдийгээр орон нутгийн засаг захиргаа дэд бүтцийг хөгжүүлэхээр газрыг нь авсны хариуд нөхөн олговор олгоно гэж амласан боловч амлалтандаа хүрээгүй хэмээн малчид ярьж байгаа гэнэ.

Өвөрмонголын автономит улсын монгол хэл, шашны сүлжээ” хэмээх сайтад бичсэнээр газрыг нь авсан малчин тус бүрт  Хятадын орон нутгийн засаг захиргаа дээд тал нь 5000 юань буюу 800 ам.доллар өгөхөөр амласан гэнэ. Одоогийн байдлаар Баяннуур хотын Урад дунд хошууны 1,325 малчин өрх, 4,363 малчин газраа булаалгажээ. Дээрх сайтад бичигдсэн дээрх материалыг орон нутгийн засаг захиргаанаас хэдхэн хормын дараа устгасан байна. Өнгөрсөн долоо хоногт болсон өвөрмонгол малчдын эсэргүүцлийн жагсаалаас хойш тус хошууны интернэт сайт, сургуулиуд болон цагдаагийн хэлтэсүүдтэй холбогдох боломжгүй болсон байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж