Уг нь энэ сарын 21-нээс 333 мянгыг нь өгнө гэж Засгийн газрын хурлаар хэлэлцсэн ч өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн алгыг тэнийлгээгүй л байна. Нөгөөдүүл нь пүрэв гаригийн хар үүрээс өгсүүлээд банкуудын гадаа дугаарлаж дугаарлаж хоосон харьсан. Мөнгө өгөөгүй шалтгаан нь “санхүүгийн эх үүсвэр байхгүй” гэжээ.
Уг нь Сангийн сайд Ч.Ганхуяг лхагва гаригт болсон Засгийн газрын хуралдааны үеэр “Эрдэнэтээс өмнөх жилийн ногдол ашиг 70 сая ам.доллар ХХБ-аар дамжиж орж ирсэн. Тэр мөнгө Монголбанк, Төрийн сангийн дансанд орж ирэхээр холбогдох ХААН, Хадгаламж, Капитал банкуудын дансанд шилжүүлж байж 333 мянган төгрөгийг эхний ээлжинд олгоно” гэж амласан. Гэтэл авах ёстой хүмүүс нь хүлээсээр энэ долоо хоногийн ажлын өдрүүдийг дуусгалаа. Мөнгөгүй буцахдаа авдаг хариугаа хөгшид андахгүй. “Санхүүгийн эх үүсвэр байхгүй” гэсэн хариу мянган үгний таглаа болсоор байна. Ч.Ганхуяг сайдын хэлээд байсан 70 сая ам.доллар очих ёстой газраа хүрээгүй яваа бололтой.
Эхний 333 мянган төгрөгийнхөө барааг харалгүй сонгуультай золгох гэж байгаа юм чинь цаана үлдэх 367 мянган төгрөгийг хэзээ өгөх нь бүр ч тодорхойгүй. Ч.Ганхуяг сайдын хэлснээр бол “Эрдэнэс Тавантолгой”-н урьдчилгаа төлбөр орж ирж байж дараагийн ээлжийн мөнгийг тавих гэнэ. Ямар ч байсан энэ Засгийн газрын бүрэн эрх дуусахаас өмнө ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөнгийг бүрэн олгоно гэсэн. Хуулиараа Хүний хөгжлийн мөнгөний гуравхан эх үүсвэр зааж өгсөн. Тэндээс мөнгө төвлөрүүлэх ажлыг зогсоо зайгүй явуулж байгаа гэдгээ ч хэлсэн. Удахгүй сонгууль болно. Иргэдэд мөнгө амласан УИХ-ын бүрэн эрх дуусна. Шинэ УИХ шинэ Засгийн газраа бүрдүүлнэ. Энэ Засгийн газар наймдугаар сар хүртэл “наслалаа” ч шинэ УИХ-ын мэдэлд орно.
Яаж ийгээд 333 мянгаа өгөх л байх. Үлдэгдэл 367 мянган төгрөгөө өгч амжаагүй сууж байтал шинээр бүрдсэн УИХ “Өмнөх УИХ-ын амласан мөнгө манайд хамаагүй” гэчихвэл яана. Арай тэгж хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сүйдлэхгүй байгаа даа.
Ядахдаа тэд бол нийгмийн эмзэг хэсэг. Өндөр настнууд бол хорвоод өвөрлөж ирсэн томилолтын хоног нь хэзээ ч дуусч мэдэхээр хүмүүс. Анх цагаан сараар нэг саяыг өгнө гэж Засгийн газар амласнаас хойш өнөөдрийг хүртэл таван сарын хугацаанд хэд нь ч “нутаг буцсан” юм билээ. Хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ зүдрээлгүйхэн шиг 670 мянган төгрөгийг нь өгөөсэй л гэж хэлэхээс. Уг нь бол нэр дэвшигч нэг эрхмийн төлбөртэй ганц ярилцлагын үнэд ч хүрэхгүй мөнгө шүү дээ 670 мянган төгрөг бол.