-Намууд нэгдэх гол шаардлага юунд байсан бэ?
-Энэ нь ганцхан өдөрт нэгдэхээр шийдсэн зүйл биш. Олон жил, олон сарын турш яригдаж, хэд хэдэн ажлын хэсгийнхэн зөвлөлдөж, намын үзэл баримтлал, шинэчлэлийг бүхий л талаас нь тооцож байж нэгдсэн. Ер нөхцөл байдал энэ нэгдэл рүү хүссэн хүсээгүй түлхсэн. Ийнхүү нэгдсэнээр үгүйлэгдээд буй улс төрийн гуравдагч хүчний орон зайг дүүргэх болно. Энэ нэгдэл нь цаашдаа ч олон жил бат бөх явах байх.
-Нийлэх биш нэгдэхээр болсон учир?
-Нийлвэл хоёр нам аль аль нь татан буугдахаар байсан. Ингэснээр Дээд шүүхэд бүртгэлтэй намын хамгийн доор нь бичигдэх эрсдэл үүснэ. Иймд аль нэг нь татан буугдаж нэгэндээ нэгдэж орох нь зүйтэй юм гэдэг дээр санал нэгдсэн. МНН маань энэ асуудал дээр ихээхэн иргэний зориг гаргаж нэгдэн орсонд ИЗН-ын зүгээс ихээхэн талархалтай байгаа. Өнөөдрийн байдлаар ИЗНН маань Улсын дээд шүүхэд гуравдугаар байранд бичигдэж байна гэсэн үг. Энэ нь процедурын асуудал боловч сонгогчид төөрөлддөг зүйл байдагтай холбоотой. Жагсаалтанд гуравдугаарт байна гэдэг шууд утгаараа гуравдагч улс төрийн хүчин болж байгаа гэдгийг харуулах байх.
-ИЗН нь өөрөө иргэний зориг гаргаж МНН-д нэгдэж чадах байсан уу?
-ИЗН нь өөрөө иргэний зориг гаргаж болох байсан. Гэхдээ ИЗН нь МНН-ыг бодвол бүтэц томтой. 21 аймаг, 120 гаруй суманд өөрийн хороодтой. Үүнийг татан буулгахад процедурын хувьд хүнд байсан. Бид даргынхаа суудлыг нөгөө намдаа өгч байгаа гэдэг нь бас л иргэний зориг гаргаж байна гэсэн үг л дээ.