Завхан голтой холбогдуулж асуулга тавилаа

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Завхан голтой холбогдуулж асуулга тавилаа

УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Ц.Дашдорж, Б.Чойжилсүрэн нар Байгаль орчин,
аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд
Д.Зоригтод хандан асуулга тавьсан байна. Түүнд Тайширын усан цахилгаан
станц баригдсанаас хойш Завхан голын усны урсац татарч, байгаль экологид
онцгой сөрөг үр дагавар дагуулж буй тухай дурджээ. Уг нь Завхан гол
дээр Тайширын усан цахилгаан станц барихаас өмнө жилийн дундаж урсац
голын дагуу Гуулинд 8.85 м3/с, Тайширт 8.64 м3/с, Дөрвөлжинд Шургийн гол
цутгасны дараа дунджаар 14.0 м3/с  Сар-Хайрхан орчим 11.8 м3/с  улмаар
Тээл орчимд 14.5 м3/с  болж, Айраг нуурт 26.3 м3/с  болж цутгадаг байсан
байна.
     Завхан гол Шургийн голтой нийлэхийн өмнө ихээхэн хэмжээгээр
салаалж, Эрээн, Ажиг нуурыг үүсгэсэн  түүхтэй бөгөөд  энэ хоёр нуур нь
зөвхөн их үерийн үед Завхан голын усаар  тэжээгдэн уг голын урсгалыг
зохицуулдаг нэг ёсны байгалийн хөв болдог онцлогтой юм.    Завхан голын
жилийн урсацын 15 хувь нь хаврын шар усны үерийн, 45 хувь нь зуны хур
борооны, үлдсэн хувь нь газрын гүний усны  тэжээгдлээс бүрддэг ажээ.
     Уг цахилгаан станц /УЦС/ 2007 онд баригдаж, голын усыг боон усан
сандаа ус хуримтлуулж эхэлсэнээс хойшхи хугацаанд  УЦС-ын далангаас
доошоо гарах усны гарц нь эрс багасаж  /  6.33 м3/сек-ийн оролттой ус 
0.55 м3/сек-ийн гаралттай  болж  багассан нь хэмжилтээр тогтоогдсон
байна./ Завхан гол 50-60 км урсаад тасарч,   элсэнд шургах болсноос энэ
голын сав дагуух нутагт  нутаглаж,  идээшдэг  олон арван мянган хүн,
олон  зуун  мянган мал  сүүлийн гурван жилийн турш  ус, бэлчээрийн
гачаалд орж, ихээхэн  зутарч байгаагийн гадна энэ бүс нутагт цөлжилт,
хуурайшилтын  үйл явц эрчимжиж, улмаар  байгаль орчны тэнцвэрт байдал
алдагдан ихээхэн доройтож эхэлжээ. Тиймээс Тайширын УЦС-ын усан сангийн 
дүүргэлт,  ашиглалтын явцад усан сангаас доошхи хэсгийн усны горимын 
өөрчлөлт, түүнээс үүсэн гарах сөрөг нөлөөллийг (Завхан гол тасрах, Ажиг,
Эрээн нуур ширгэх болон Айраг, Хяргас нуурт усны төвшинд үзүүлэх сөрөг
нөлөөллүүд) хэрхэн яаж  бууруулах, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх
болон,   Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд хэрхэн
тусгагдсан, түүний дагуу  авч хэрэгжүүлж  буй ажлын явц, үр дүнгийн 
талаар тодорхой баримт, үзүүлэлт түшин  асуулгад хариу ирүүлэхийг дээрх
сайд нарт уламжилжээ. Мөн төслийн явцад  Тайшир,  Дөргөний УЦС-ын тухай
бүсийн  байгаль орчинд үзүүлэх  хам нөлөөг хамтад авч үзэж тооцсон эсэх,
хэрэв  тооцсон бол хам нөлөөний байдал ямар байгаа талаар тусгах,
Тайшир, Дөргөний усан цахилгаан станцуудын Байгаль орчинд нөлөөлөх
байдлын нарийвчилсан үнэлгээний дагуу  байгаль хамгаалах менежментийн
төлөвлөгөө болон  байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөрт
тусгагдсан   ажлуудын гүйцэтгэлийн явц, үр дүн, санхүүжилтийн талаар
тодорхой мэдээлэх,
Тайширын  усан цахилгаан  станцын усан санг усаар дүүргэж эхлсэнээс
хойшхи хугацаанд ус дүүргэлтийн түвшин ямар хэмжээнд байгаа, энэ жил
цахилгаан станц ашиглалтад орох эсэх,  усны  тогтмол ажиглалтын
цэгүүдийг байгуулж байршуулсан  эсэх,  голуудыг боосноос хойш усны
балансын нэгдсэн тооцоог сав газрын хэмжээнд шинэчлэн хийсэн эсэх, хэрэв
хийсэн бол түүний  үр дүнг / усан сангийн дээд доод хэсгийн урсац,
нэвчилт, гүний усны алдагдал, ууршилт гэх мэт./ мэдээлэлд тодорхой
баримттайгаар тусгах. Гуулингийн услалтын системийн усны
алдагдал,зарцуулалтын тооцоог хамтад нь авч үзэж тусгах,
Нэр бүхий хоёр станцаас байгаль  орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг
бууруулах  талаар хийж буй  ажил болон энэ дагуу  энэ жилд
хэрэгжүүлэхээр  төлөвлөж буй ажлуудыг тодорхой мэдээлэх,  
 Цөлжилт, хуурайшилт эрчимтэй явагдаж буй Монгол орны байгаль, цаг уур,
экологийн  эмзэг орчинд,  энэ мэт нарийн  үндэслэл, тооцоо муутайгаар
усан цахилгаан станцыг цаашид  барьж байгуулах нь хэр зөв болох талаар
байр сууриа тодорхой илэрхийлэхийг мөн хүссэн байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж