“Их хорь”-ийн орнууд хямралыг төгсгөхийг Европт уриалж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

“Их хорь”-ийн орнууд хямралыг төгсгөхийг Европт уриалж байна

Өрийн хямралдаа төгсгөл тавихыг евро бүсийн орнуудад хандан “Их хорь”-ийн лидерүүд тууштайгаар уриалав. Ангела Меркель ба Жозе Мануэл Баррозу хоёр энэ хямралд зөвхөн Европ буруутай биш гэж онцолж байгаа юм.

Эдийн засгийн тэргүүлэх гүрнүүд евро бүсийн орнуудаас өрийн хямралыг даван туулахын тулд эрчимтэй ажиллахыг шаардлаа. Мексикийн Лос-Кабос хотноо болсон  “Их хорь”-ийн орнуудын саммитийн төгсгөлийн баримт бичгийн төсөлд Европын орнууд санхүүгийн зах зээлийг тайвшруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн авчирч эдийн засгийн тогтвортой өсөлт гаргахын төлөө бүхий л шаардлагатай арга хэмжээг авна гэж амлаж байна.

АНУ, Хятад, Энэтхэг ба Өмнөд Солонгос евро бүсийн өрийн хямрал даамжирч дэлхийн эдийн засагт аюул учруулж байгаад гүнзгий түгшиж буйгаа илэрхийлэв. ХБНГУ-ын канцлер Ангела Меркель (Angela Merkel) Европт хандан зөвхөн нэг талыг буруутгаж байгааг эрс эсэргүүцэв. Өрийн хямрал бол зөвхөн европчуудын асуудал биш гэж тэрээр онцлон санууллаа. “Тив бүр өөрсдийн хувь нэмрээ оруулах ёстой. Энэ саммит дээр бүгд л гэрийн даалгавраа хийх хэрэгтэй” хэмээн канцлер онцлов.

Европт сургаал унших шаардлагагүй

Европын холбооны Зөвлөлийн тэргүүн Херман Ван Ромпей ч зөвхөн Европт хандаж буй шүүмжлэлийг хүлээн авсангүй. “Хямралыг зохицуулахад цаг хугацаа хэрэгтэй. Үүнд гал сөнөөгч нар шиг ажиллах боломжгүй. Энгийн нэг шийдэл энд алга” хэмээн тэрээр онцлов. Еврокомиссийн дарга Жозе Мануэл Баррозу мөн “Европт хандан сургаал айлдаад хэрэггүй” гэж мэдэгджээ.

“Шуудхан хэлэхэд бид энэ уулзалт дээр ардчилал болон эдийн засгийн сургаал сонсохоор ирээгүй” гэж тэрээр хэлэв. Мөн тэрээр өнөөгийн хямралын эх сурвалж нь Хойд Америкаас үүдэлтэй гэж сануулжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж