Бээжингийн олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаагийн тухайд 577 оноо авснаар 54 тамирчнаас 19 дүгээр байрт бичигдсэн бол Ц.Мөнхзул 573 оноо авснаар 26 дугаар байрт шалгарчээ. Харин Ц.Хонгорзул 560 оноогоор 51 дүгээрт бичигдсэн байна. Мөн өнөөдөр эмэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны /гурван байрлалаас/ төрөлд өрсөлдсөн манай гурван тамирчнаас Ч.Нарантуяа 574 оноогоор 29 дүгээрт, З.Батхуяг /571 оноо/ 35 дугаарт, О.Янжиндулам /556 оноо/ хамгийн сүүлийн буюу 49 дүгээр барйт бичигдлээ.
Сиднейн “Дэлхийн цом” дөрөвдүгээр сарын 1-нд өндөрлөх бөгөөд мэргэн буучид залгуулаад дөрөвдүгээр сарын 7-15-ны хооронд Өмнөд Солонгосын Чанвон хотноо дахин “Дэлхийн цом”-ын цувралд өрсөлдөнө.
Гэхдээ Монголын мэргэн буучдын хувьд шинэ тив дэх “тулаан” бараг өндөрлөсөн гэж болно. Долоон тамирчин тус бүр хоёр дасгалд өрсөлдөх ёстойгоос ОУХМ Э.Даваахүүгээс бусад нь бүгд тэмцээнээ дуусгаад байна. Э.Даваахүүгийн хувьд 24-нд болсон эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд 34 дүгээр байрт шалгарсан юм. Харин маргааш тэрбээр 50 метрийн спорт гар бууны төрөлд онч мэргэнээ сорьсноор Монголын мэргэн буучдын хувьд “Дэлхийн цом”-ын тэмцээн өндөрлөх юм.