Сирид нисдэг тэрэг нийлүүлэх ОХУ-ын хөлөг буцжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

Сирид нисдэг тэрэг нийлүүлэх ОХУ-ын хөлөг буцжээ

Сирид цэргийн нисдэг тэрэг нийлүүлсэн гэх ОХУ-ын хөлөг онгоц Их Британийн даатгалын компани гэрээгээ цуцалснаас болж нутаг руугаа буцах болсон талаар Их Британийн албаны хүмүүс мэдээлжээ. Их Британийн Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр “MV Alaed” нэртэй уг хөлөг онгоц Сирид цэргийн нисдэг тэрэг нийлүүлж буй гэдэг мэдээлэл цацагдсаны дараа Европ дахь маршруртаа өөрчилсөн гэнэ. Их Британийн Гадаад харилцааны яам хөлөг дээрх ачаа нь Сирийн цэргийнхэнд нийлүүлэх ОХУ-д үйлдвэрлэсэн цэргийн зориулалттай нисдэг тэрэг болохыг тогтоосон гэж мэдээлж байсан билээ. Харин одоо нисдэг тэрэг тээвэрлэж яваа хөлөг онгоц нутаг руугаа буцсан гэж Их Британийн Гадаад харилцааны сайд Уилльям Гааг парламентад мэдэгдсэн байна. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар ОХУ-ын хөлөг онгоц Их Британи болон Европын холбооны нутаг дэвсгэрээс аль болох холуур явахыг хичээж байгаа гэнэ.

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон Мексикт “Их 20”-ын дээд хэмжээний уулзалтын үеэр “Умард тэнгист байлдаааны нисдэг тэрэг тээвэрлэж явсан хөлгийг Сирид хүрэхээс өмнө олж мэдэж, холдуулсан тухай сайн мэдээ ирлээ. Бид цаашид зэвсгийн ийм наймааг таслах зогсоохын тулд хатуу арга хэмжээг авна” хэмээн мэдэгдсэн байна. Харин хөлгийг эзэмшигч ОХУ-ын Фемко компани энэ хэрэгт ямар нэгэн тайлбар хийхээс татгалзсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Их 20”-ын дээд хэмжээний уулзалтын үеэр “Гагцхүү Сирийн ард түмэн Ерөнхийлөгч Башар Аль-Ассадыг огцруулах эсэхийг шийдэх эрхтэй” хэмээн мэдэгдсэн юм. АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Ассадыг хүчээр огцруулж, дэглэмийг нь унагах цэргийн ажиллагаа явуулахаар хэлэлцэж буй авч НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоёр гишүүн ОХУ, Хятад эсэргүүцсээр байгаа билээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж