Хуучирсан мэдээ: 2011.03.26-нд нийтлэгдсэн

Хар уу, шар уу?

Төгөлдөр, Сараа хоёр төрсөн өдрийн үдэшлэгт явахаар хувцаслаж байлаа. Сараа дэгжин гоё харагдах юмсан гэхээс байж ядан шинэ даашинз худалдаж авчээ. Шар, хар өнгийн хоёр өндөр өсгийт хоёр гартаа барьчихсан зогсоно. Сонголт хийж чадахгүй эргэлзсэн бүсгүй “Хонгор минь би алийг нь өмсөх вэ?” гэж асуулаа. Ихэнх эрчүүдийн хувьд хамгийн дургүй асуултуудын нэг. Төгөлдөрийн нуруун дундуур татаад авах шиг л болов. “Аль нь ч яах вэ, дуртайгаа өмсчихгүй юү” гэж бувтналаа. “Алив л дээ. Заавал хэл ээ” гэж эхнэр нь “тулган шаардав” “Аль нь гоё харагдаж байна” гээд хоёр хөлөндөө нэг нэгээр нь өмсчихөөд урдуур нь хөндөлсөн алхав. Зэлтэрийн гацаанд орсон хархүү “Шар нь” гэж бушуухан хариуллаа. “Хар нь яачихаад байна? Би уг нь үүнийг зөндөө үнэтэй авсан. Гэтэл чи дургүй” гэх нь тэр.


“Хэрвээ чи миний бодлыг сонсох гээгүй л юм бол яах гэж асуусан юм? Ер нь дахиж хэзээ ч битгий асууж бай” хэмээн залуу уурлав. Ямар нэг асуудлыг шийдвэрлэхээр бүсгүй нь түүнээс тусламж гуйлаа гэж тэр бодсон. Асуудлыг шийдсэн. Гэтэл шийдвэр бүсгүйд таалагдсангүй. Сараа аль хэдийнэ ямар гутлаа өмсөхөө шийдчихсэн байж. Түүнд өөр сонголт шаардлагагүй байж. Зүгээр л өөрийнхөө сонголтыг баталгаажуулахыг хүсэж. Өөрийнхөө сонгосон гуталтайгаа тэр хөөрхөн дэгжин харагдана гэдгээ л баталгаажуулах гэсэн юм байж.


Хэрэв бүсгүй хүн эрэгтэй хүнээс хар, шар гутлын алийг нь өмсөхөө асуувал аль нэгийг нь сонгохгүй байсан дээр. Түүний оронд “Миний хайрт алийг нь сонгочихоод байгаа юм?” гэж асуу. Тэгмэгц “Уг нь би шар нь дээр юм уу гэж бодоод байгаа л даа” гэсэн хариулт тэр дороо л нисээд ирнэ. Үнэн хэрэгтээ бүсгүй сонгодгоо сонгочихоод байгаа. Сонгосноо өөрчлөх ч бодолгүй байгаа. “Яагаад шарыг нь сонгосон юм?” гэж мэдээж хархүү асууна. “Миний даашинзны эмжээр шар болохоор” гэх зэргээр хариулна. “Тийм юм байна. Нээрээ шар нь хамаагүй гоё харагдаж байна” Асуудлыг ямар ч “дайн тулаан”, хэрүүл уруулгүй ингээд л шийдчихлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж