Яагаад эрчүүд ”муу” ярьдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2011.03.26-нд нийтлэгдсэн

Яагаад эрчүүд ”муу” ярьдаг вэ?

Эрчүүд энгийн харилцан яриа өрнүүлэх чадвараараа хүүхнүүдээс хавьгүй муу. Охид хөвгүүдээс түрүүлж хэлд ордог. Гуравтайдаа тэд хөвгүүдээс хоёр дахин их үг мэддэг болдог. Хөвгүүд энэ насан дээрээ найруулга муутай ярьдаг байхад охид ойлгомжтой, цэгцтэй нь аргагүй дуржигнуулна. Хүүхдийн эмчид ихэнхдээ хөвгүүдийн эцэг, эх “Хүүхэд маань нэг их сайн ярихгүй юм” гэсээр ханддаг. Гэвч дээрээ эгчтэй хөвгүүдйн хэл ярианы чадвар мэдэгдэхүйц сайн байдаг. Яагаад гэвэл охид дүүтэйгээ илүү их ярилцдаг. Ажиглаад үзээрэй. Сургуульд ороогүй хүүгээс “ За сайн уу, юу хийж байна?” гэх зэргээр асуувал хажуунаас нь эгч нь эсвэл ээж нь “Өө сайн, сайн” гэж өмнөөс нь хурдан гэгч хариулна. Ер нь ээж, эгч нар гэр бүлийн доторх эрэгтэйчүүдийн өмнөөс ярих дуртай.


Эрчүүдийн хэл ярианы чадвар тархинд төдийлөн сүрхий байр суурьтай биш. Ерөнхийдөө тархины зүүн талаа ашигладаг. Осол, аваарын улмаас зүүн тархи нь гэмтсэн хүмүүс голдуу ярих чадвараа алддагийг эрдэмтдийн судалгаа хангалттай сайн нотолсон. Тодруулбал, зүүн тархины арын хэсэг гэмтсэн эрчүүд, харин зүүн тархины урд хэсэг гэмтсэн эмэгтэйчүүд. MRI-гаар авсан тархины зураг эрэгтэй хүний ярьж байх үед тархины зүүн хойд хэсэг нь илүүтэй идэвхтэй ажиллаж байгааг олж харсан байна. Харин яг хэл ярианы төв цэг хаана байгааг нь тогтоож чадаагүй. Тийм учраас эрэгтэй хүмүүсийн ярианы чадвар ерөнхийдөө тааруу байдаг байх нь.


1999 онд Лондонгийн Сэтгэл судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Тонмой Шарма нэгэн судалгаа хийж, хэлд ороогүй хүү гурван төрлийн авиаг байнга гарган харилцдаг байхад охид таван төрлийн авиа гаргадаг болохыг олж мэдсэн юм. Эрчүүд нийлээд зурагтаар хөл бөмбөгийн тэмцээн үзвэл “Гоол” гэж орилох, “Дахиад шар айраг байна уу?” гэх зэрэг цөөн хэдэн үг л ярина. Харин хүүхнүүд нийлээд зурагтаар ямар нэг хөтөлбөр үзвэл юу болох вэ? Зурагт үзэж байна уу, хурал болж байна уу гэдгийг бараг л ялгахгүй. За тэгээд олон ангит кино үзвэл өөрсдөө бараг дотор нь ороод тоглочихно.


Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ярианы чадварын ялгаа тамирчдад илүү тод харагддаг. Эмэгтэй тамирчид, тухайлбал сагсчин эмэгтэй тэмцээний тухай ярихдаа маш ойлгомжтой, цэгцтэй тайлбарлана. Харин эрэгтэй тамирчин ярилцлага өгөхөд яриа нь ойлгомж муутайн дээр ам нь хөдлөөд байгаа үгүй нь бараг мэдэгдэхгүй. Үүнийг өсвөр насны хүүхдүүдээсээ бид бүр тодхон харж болно. Найзуудтайгаа зугаалсан үдэшлэгээ охид өнгөтөөр дүрслэн, хэн хэнд юу гэж ярьсан, хэн нь юу өмссөн гээд л урсгаж гарна. Харин хөвгүүд “Дажгүй үдэшлэг болсон” гээд л боллоо. Тэгээд ч хайр сэтгэлээ үгээр биш цэцгээр илрхийлэхийг эрчүүдэд зөвлөдөг. Тэгээд ил захидалд хэлж чадахгүй үгээ буулгачихвал бүр ч болоод явчихна.


Эрт цагаас л эрчүүд анчин байснаас хууч хөөрч суудаг яриа хөөрөөтэй хүн байгаагүй. Ангаа хүлээн хэдэн цагаар дуугүй сууж, араатан амьтдыг үргээхгүйн тулд дохио зангаагаар хоорондоо харилцдаг байсан нь тэдэнд нөлөөлсөн. Эрчүүд загасанд явахаараа хэдэн цагаар ч хамаагүй ус ширтээд суучихдаг биз дээ. Хамтдаа байх тэд дуртай. Гэхдээ түүнийгээ үгээр илэрхийлээд байх шаардлагагүй. Гэтэл эмэгтэйчүүд цуглаад хэдэн цагаар дуугүй сууна гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй. Харин эрчүүд ганцхан тохиолдолд туйлын яриа хөөрөөтэй болдог. Тархин дотор нь байх хэл яриа удирддаг жижигхэн хэсэг спиртэд “гэмтэх” үед.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж