Хуучин дарга нар суудалдаа суух уу

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Хуучин дарга нар суудалдаа суух уу

“Зургадугаар сарын 7-ны өдөр шүүхийн шийдвэр бидний талд гарсан. Тиймээс бид нар ажилдаа орох бүрэн боломжтой гэсэн үг. Угаасаа 274, 275, 276 дугаар тогтоол хууль зөрчсөн тогтоол байсан. Үүнийг захиргааны хэргийн шүүх тогтоолоо” гэж Эд хөрөнгийн бүртгэлийн газрын дарга асан Л.Чантуулодой хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.  Тэднийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 12-ны өдөр 174 хүний хамт халжээ. Дараа нь дахин тогтоол гаргаж энэ 174 хүнийг эргүүлэн ажилд нь авсан ч  Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга Л.Чантуулодой, Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг нарыг ажилд аваагүй байна. Үүнээс болж өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Харин шүүхээс тэднийг эргүүлэн ажид нь авах үндэслэлтэй гэж үшийдвэрлэж.

“Шүүхээс бидний талд шийдсэн. Тиймээс эргэн ажилдаа орох эрх зүйн үндэстэй гэж ойлгож болно. Харин энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Амарсанаатай уулзах гэсэн боловч бидний саналыг хүлээж авах боломжгүй гэдгийг хэлсэн. Энэ шийдвэр анхнаасаа хууль бус байсан гэдгийг шүүхээс тогтоочихоод байтал хууль зөрчөөд байна. Миний үйлчлүүлэгчид энэ сарын 7-ноос ажилдаа эргэн орох боломжтой гэдгийг шүүх шийдсэн” гэж Д.Энхцэцэг, Л.Чантуулодой нарын өмгөөлөгч А.Эрдэнэцогт ярив. Захиргааны хэргийн шүүх болон давж заалдах шатны шүүхээс 2012 оны зургадугаар сарын 7-нд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга Л.Чантуулодой, Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг нарын эрхийг түдгэлзүүлсэнийг хүчингүй болгож, ажилд нь эргүүлэн авах шийдвэрийг гаргажээ. Гэсэн ч тэднийг ажилд нь авсангүй.


Улс төрийн ашиг сонирхол байхгүй

Шувуу нь хүртэл улстөржчих гээд байгаа сонгуулийн “халуун” зун тохиож байгаа энэ цаг мөчид албан тушаалдаа эргэж орох гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг цуглуулсныг улстөржсөн гэж хардаж магад. Гэсэн ч тэд энэ хардалтыг эсэргүүцсэн юм. “Бидэнд ямар нэгэн улс төрийн ашиг сонирхол ерөөсөө байхгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу эрхэлж байсан ажлаа дахиж хийхийг хүсч байгаа хүмүүс” гэж Иргэний бүртгэлийн эрхийн газрын дарга асан Д.Энхцэцэг ярив. Өнгөрсөн хугацаанд УБЕГ-ын Бүртгэлийн албаныхан ямар ч удирдлагагүй дээр нь иргэдэд түргэн шуурхай үйлчлэхгүй, ажил цалгардуулж байгааг энэ хүмүүсийг ажилд аваагүйн буруу гэж үзэж байна.

“Энэ бүх ажил өмнө нь чирэгдэлгүй болдог л байсан. Удирдлага байхгүй болохоор ингэж байгаа юм. Тиймээс иргэдийн эрх ашгийг бодож биднийг хуучин албан тушаалд эргүүлэн томилохыг хүсч байна” гэж Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга Л.Чантуулодой ярьсан юм. Гэхдээ яагаад зөвхөн сонгуулийн өмнө энэ талын мэдээллийг түгээж, албан тушаалдаа суухыг хүсч байгааг бид таах арга байхгүй. Дүгнэлтийг уншигч танд үлдээе.

УБЕГ улстөржиж байна

“УБЕГ-ын даргаар ажиллаж байгаа Л.Амарсанаа өмнө нь МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн. Сүүлийн үед яригдаж байгаа 28,000 иргэний үнэмлэхийг илүү хэвлэсэн гэх мэдээллийг дахин нягталж, шалгах ёстой. Иргэн хүний хувьд би ч гэсэн санаа зовж байна” гэж Д.Энхцэцэг ярив. Тэдний хэлж байгаагаар сүүлийн өдрүүдэд болж байгаа үйл явдалд анхаарлаа хандуулах ёстой аж. Уг нь тэднийг шүүхийн шийдвэрээр дахин ажилдаа орохыг эсэргүүцээд байгааг улс төрийн ямар нэгэн зорилготой байж болзошгүй гэдгийг тэд хэлж байв. “Яг улстөрийн зорилготой юу гэдгийг бид мэдэхгүй. Ямар ч байсан биднийг эргүүлж ажилд авахгүй байна” гэж Л.Чантуулодой ярьлаа.

УБЕГ улстөржөөгүй

“Бид өөрсдийнхөө боломж, бололцооныхоо хэрээр ажиллаж байгаа. Үүнд ямар нэгэн улстөрийн хүчний оролцоо байх ямар ч боломж байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Зарим нэгэн хүмүүс үүнийг улстөрийн өнцгөөс хараад байх шиг байна” гэж УБЕГ-ийн сургалт, сурталчилгааны ахлах мэргэжилтэн Ч.Нямцэцэг ярьсан юм. Мөн дарга, цэргийг солих халаа сэлгээнд улстөрийн ямар ч нөлөөлөл байхгүй гэдгийг хэлж байлаа.

Ямар ч байсан шүүхээс тэдний талд шийдвэр гаргаж. Харин суудалдаа эргэж ирэх үү гэдэг нь эргэлзээтэй.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж