Москва Сирид байлдааны шинэ нисдэг тэрэг нийлүүлээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Москва Сирид байлдааны шинэ нисдэг тэрэг нийлүүлээгүй гэв

Орос Башар Ассадын дэглэмд байлдааны шинэ нисдэг тэрэг нийлүүлээгүй гэж АНУ-ын Төрийн департамент хүлээн зөвшөөрлөө. Энэ талаар дэгдсэн өмнөх яриа нь засвар хийсэн онгоцыг Сирид буцааж өгснөөс үүдэлтэй байсан гэж Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгджээ.

Сирид байлдааны нисдэг тэрэг нийлүүлж байсан гэх өмнөх мэдэгдлээсээ АНУ татгалзлаа гэж DAPD агентлаг мэдээлэв. Хуучин нисдэг тэргүүдийг зургаан сар орчим Орост засварлаад Сирид эргүүлэн өгсөн юм байна гэж Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд энэ сарын 14-ний өдөр мэдээлсэн байна.

Гэхдээ зассан нисдэг тэрэгнүүдийг Сирийн ерөнхийлөгч Башар Ассад босогчдын эсрэг гэмт хэрэг хийхдээ ашиглах боломжтой гэж Вашингтон түгшиж байна гэж тэрээр хэлэв. Ямар ч тохиолдолд нисдэг тэргийг энгийн иргэдийг хөнөөхдөө ашиглаж болохыг Нуланд дурьдлаа.

Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өөрийн орлогч Билл Бернсийг Кабул хотноо Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай “ажил хэрэгч” хэлэлцээр хийсэн гэж мэдээлэв. Энэхүү хэлэлцээрээр Сирийн асуудлыг ч хөндөн ярьсан байна.

Сануулахад, зургадугаар сарын 12-ны өдөр Клинтон эрс хатуу мэдэгдэл хийж Москва Сирийн дэглэмд байлдааны нисдэг тэрэг нийлүүлэн Дамаскийн дэглэмийг дэмжиж байна гэсэн юм. Оросын эрх баригчдын  үйлдэл нь сөргөлдөөнийг ноцтой даамжруулах аюултай гэж Клинтон онцолсон.

Оросын Гадаад хэргийн яам энэ мэдэгдлийг үгүйсгэн “Сирид байлдааны нисдэг тэрэг нийлүүлээгүй. Олон жилийн өмнө Сирид нийлүүлсэн нисдэг тэрэгний төлөвлөгдсөн засварыг хийсэн” хэмээн Оросын Гадаад хэргийн яам зургадугаар сарын 15-ны мэдэгдсэн юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж