Зээлийн батлан даалтын сан байгуулах яасан бэ?

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Зээлийн батлан даалтын сан байгуулах яасан бэ?

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд зээл авахад учирдаг хамгийн том бэрхшээл нь барьцаа хөрөнгө. Өнгөрсөн жил гэхэд л  Засгийн газрын хөнгөлөлттэй зээлд хамрагдах гэсэн 200 төсөл ийм асуудлаас болж арилжааны банкнаас буцаагдсан байна. Монгол Улсын хэмжээнд  73822 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 40921 нь тогтвортой үйл ажиллагаа явуулж буй аж. Үүний 90 гаруй хувь нь жижиг, дунд үйлдвэр. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, ажилгүйдлийг бууруулахад дэмжлэг үзүүлэхээр УИХ-аас өнгөрсөн өвөл Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг баталсан.  Уг хуулийн дагаа төр үр ашигтай гэсэн зээлд 60 хувийн баталгаа үзүүлэхээр болсон юм.

Энэхүү санг хэзээ байгуулахыг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид чих тавин хүлээж суугаа аж. Уг нь энэ зургадугаар сард Зээлийн батлан даалтын санг байгуулах яриа байсан ч сонгуулийн дуулианд дарагдан нам гүм болчихоод байна. Энэ талаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-Осороос тодруулахад Санхүүгийн зохицуулах хорооноос асуухын зөвлөсөн. Учир нь тус санг байгуулах асуудал Жижиг, дунд үйлдвэрийн газартай ямар ч хамааралгүй гэнэ. Сан байгуулах зөвшөөрлийг нь Санхүүгийн зохицуулах хороо хариуцаж байгаа бөгөөд бие даасан тусдаа томоохон агентлаг бий болох юм байна. Хууль батлагдаад дөрвөн сарын хугацаа өнгөрч буй ч энэ санг байгуулах ажил сураг чимээгүй л байна. Санг ямар хэлбэрээр байгуулах, хэдэн төгрөгийн хөрөнгөтэй байх зэрэг асуудлыг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг Засгийн газар батлах ёстой аж: Хуульд зааснаар  зээл авахыг хүссэн иргэд арилжааны банкнаас тавьсан барьцаа хөрөнгийн шаардлагыг хангаагүй тохиолдолд “Зээлийн батлан даалтын сан”-д хандаж хүсэлт гаргах юм байна. Хэрвээ ”Зээлийн батлан даалтын сан” зөвшөөрвөл 60 хувийнх нь барьцааны баталгааг тус сангаас гаргаж, үлдсэн 40 хувийнхаа барьцааг үйлдвэрлэгч өөрөө гаргах аж. Өөрөөр хэлбэл, ямар ч тохиолдолд төр 100 хувь баталгаа гаргагч болохгүй гэсэн үг. Гэхдээ албаны хүмүүс зээл, тусламж авахыг хүссэн хүн бүхэнд зээл олгохгүй, банкны үр ашигтай гэж үзсэн зээлд 60 хувийн батлан даалт гаргах гэнэ.

Зээлийн даалтын санг байгуулснаар жижиг, дунд үйлдвэр олноор байгуулагдана гэдэгт Жижиг, дунд үйлдвэрийн газрынхан итгэлтэй байна лээ. Тиймээс ч болж өгвөл тус санг байгуулах ажлыг яаравчлах хэрэгтэй байгааг сануулсан. Он гарсаар төв банк бодлогын хүүгээ хоёр ч удаа өсгөснөөр  арилжааны банкууд ч зээлийн хүүгээ багагүй хэмжээгээр нэмжихээд байгаа. Арилжааны банкнаас хамгийн бага хүүтэй зээл авлаа гэхэд жилийн 24 хувийн хүүтэй байгааг ч жижиг, дунд үйлдвэрлэгчид шүүмжилж буй. Өндөр хүүтэй зээл, барьцаа хөрөнгийн асуудлаас болоод үйлдвэрлэл эрхлэхэд багагүй хүндрэлтэй байгааг ч гомдоллодог. Харин хөдөөгийн иргэдийн хувьд барьцаа хөрөнгө гэлгүйгээр “Сум хөгжүүлэх сан”-гаасаа зээл авах боломжтой юм байна.” Сум хөгжүүлэх сан”-гаар дамжуулж хамгийн багадаа 50 сая дээд тал нь 256 сая төгрөгийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой хүмүүст тарааж өгөх эрхийг сумын удирдлагуудад олгоод байгаа аж.

Зээлийн батлан даалтын санг хэзээ байгуулахыг Санхүүгийн зохицуулах хорооноос асуухад бэлтгэл ажлаа базааж байгааг дуулгасан. Гэхдээ яг хэзээ вэ гэдэгт тодорхой хариулт өгөөгүй юм. Тэгэхээр Зээлийн батлан даалтын сан ямар ч байсан энэ зургадугаар сард байгуулагдахгүй нь тодорхой байгаа юм. Цаашлаад, долоо наймдугаар сард наадамлах нь наадамлаж, амрах нь амарчихдаг болохоор сонгуулиар завгүйхэн ажилласан төрийн засгийн байгууллагууд эзгүйрэх нь ойлгомжтой. Тиймээс Зээлийн батлан даалтын сан ирэх намрааснаашгүй хэмээн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид ярьж байна. Уг нь энэ санд төлөвлөсөн ёсоор энэ зургадугаар сард байг гэхэд ирэх долдугаар сард байгуулагдвал барьцаа хөрөнгийн асуудлаас болоод зээл авч чадахгүй байгаа олон ч иргэнийг баярлуулах сайхан мэдээ болох ёстой байлаа. Даанч, манайхны ам ажил дандаа зөрдөг болохоор Зээлийн батлан даалтын сан хэзээ байгуулагдах нь ёстой чөтгөр бүү мэд хэвээр байна.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж