”Протекционизм ЭЗ-ийн өсөлтийг сааруулж байна”

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

”Протекционизм ЭЗ-ийн өсөлтийг сааруулж байна”

Эдийн засгаа гадаадын өрсөлдөөнөөс хамгаалах протекционизм гэх үндэсний Засгийн газруудын бодлого дэлхийн эдийн засгийн өсөлтөд саад болж байна хэмээн Ангела Меркель G20 уулзалтын өмнө мэдэгдлээ. Тэрээр бүх орнуудад хандан эдийн засгийн шинэ хямрал гаргуулахгүйн төлөө тэмцэхийг уриалав.

Үндэсний Засгийн газруудын протекционист арга хэмжээ нь олон улсын худалдааны хөгжилд улам бүр саад болон дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулж байна гэж ХБНГУ-ын канц­лер Ангела Меркель (AngelaMerkel) хэлэв. “Протек­ционизм нь өсөлтийг хязгаарлаж байна” хэмээн тэрээр бундестагт Засгийн газрын мэдэгдлийг хийхдээ хэлжээ. Меркелийн хэлснээр аж үйлд­вэрийн өндөр хөгжилтай болон хөгжиж буй эдийн засагтай орнуудын лидерүүдтэй уулзахдаа Мер­кель гадаадын өрсөлдөгчдөд хязгаарлалт тавьсан улсын арга хэмжээнээс татгалзахыг уриалан ятгах гэнэ. Өдгөө G20 орнуудын худалдааны нийт хэмжээний дөрөв орчим хувь нь янз бүрийн хязгаарлалттай байгаа юм.

“ХБНГУ-ын боломж зах хязгааргүй биш”

Үүний зэрэгцээ Ангела Меркель Европын хямралыг зохицуулахад Герман онцгой хариуцлагатай хэмэн цохон тэмдэглэв. Герман улс бол тивийн “тогтвортой байдлын зангуу”, “өсөлтийн хөдөлгүүр” гэж канцлер онцлов. Гэхдээ Германы боломжийг хэтрүүлэн үнэлж болохгүйг тэрээр анхааруулав.

Евро мөнгийг аврах үйл явцад ХБНГУ-гийн боломжийг ашиглахгүй бол хямралын эсрэг авсан бүх арга хэмжээ нь “хоосон цуурай” болно хэмээн Меркель хэлснийг AFP агентлаг дамжуулж байна. Евро бүсийн хямралын асуудал зургадугаар сарын 18-19 нд Мексикийн Лос-Кабос хотноо болох “Их 20” саммитийн гол сэдвийн нэг байх юм. Тиймээс ч Герман улс анхаарлын төвд байх болно гэж канцлер хэлэв.

Меркелийн бодож байгаагаар бол G20-ийн орнууд хямралтай дэлхий даяар тэмцэх ёстойг ойлгон зөвхөн евро бүсэд ч биш дэлхийн хэмжээнд  арга хэмжээ авах ёстой гэнэ. Бүх орнууд дэлхийн эдийн засгийн болон санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлын төлөө харицлага үүрэх ёстой гэж тэрээр хэлсэн байна.

Сөрөг хүчин шүүмжилж байна

 
Харин Германы сөрөг хүчин евро бүсийн хямралыг туулахад Германы Засгийн газрын бодлого буруу, удаашралтай байгаа гэж шүүмжилж байна. Парламентын социал-демократуудын жигүүрийн дарга Франк-Вальтер Штайнмайер (Frank-WalterSteinmeier) Меркелийг үг хэлсний дараа “Тэд замын хажуугийн сувагт нуугдаад хүлээх байдалд байна” хэмээжээ.

Социал-демократууд Германд  сөрөг үр дагавар дагуулсан ч Берлин хямралтай тэмцэхэд илүү шийдвэртэй арга хэмжээг авах ёстой гэж үзэж байна. “Хямрал биднийг ч гэсэн дайрна” гэж Штайнмайер сануулав. Тухайлбал, Европт санхүүгийн ажиллагаа явуулсны төлөө татвар авах, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, евро бүсийн өрийг төлөх сан байгуулах зэрэг арга хэмжээ авах ёстой гэж тэрээр хэлж байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж