Грек ба евро бүсийн гол асуудлууд

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Грек ба евро бүсийн гол асуудлууд

Грекчүүд зургадугаар сарын 17-ны сонгуулиар үнэн хэрэгтээ  улс эх орноо евро бүсэд үлдэх үү гэсэн асуудлыг шийдэхээр болж байна. Тиймээс Грекийн цаашдын хувь заяатай холбоотой олон асуултууд гарч ирээд байгаа юм. Энэхүү асуултуудын хариуг багцлан харуулав.  

Хэрэв Грекийн Засгийн газар ЕХ-той тохиролцсон төсвийн хэмнэлтийн хатуу бодлогоо явуулахгүй бол Европын холбоо Грекийг евро бүсээсээ хөөх үү?

Энэ нь хууль зүйн талаасаа бүтэмжгүй юм. Европын гэрээнд тус бүсийн улс орнууд заавал валютын холбооны гишүүн байх ёстой гэж заасан байдаг.

Европын холбоо Грекийг дампууруулж чадах уу?
 
Грек гэрээний дагуу зургадугаар сарын эцэс хүртэл хэмнэлтийн арга хэмжээ авч төсвийн зарлагаа бууруулах үүрэг хүлээж буй. Хэрэв Грекийн шинэ  Засгийн газар үүнийг биелүүлэхгүй бол Европын холбоо нь Грект яаралтай зээлийн тусламж  үзүүлэхээ зогсоож болох юм. Тийм тохиолдолд тус орон долдугаар сараас эхлээд  төрийн албан хаагчдын цалин хөлсийг тавьж чадахгүйд хүрнэ.

Грек дампуурлаас зайлж чадах уу?

Грек Европын холбоо ба Олон улсын валютын сантай санхүүгийн тусламж үзүүлэх шинэ нөхцлийг тохиролцохоор оролдож болно. Грекчүүдийн харьцангуй олонх нь  улс орноо евро бүсэд үлдээсэй гэж байгаа ч төсвийн хэмнэлтийн хатуу нөхцлийг биелүүлэхийн эсрэг байгаа юм. Грек Европын тогтворжуулах сангаар дамжуулан мөнгөө өгч байгаа бусад орнууд нь өмнө тохиролцсноо эргэн харах боломжийг үгүйсгэж байгаа юм.

Грек өөрийн хүслээр евро бүсээс гарах боломжтой юу?

Хэрэв Европын холбоо туслахгүй бол Грек еврогоос татгалзан үндэсний валютаа гаргах хэрэгтэй болно. Үүнээс өөрөөр тэд төсвийнхний цалин хөлс болон нийгмийн нөхвөр халамжаа өгөх арга байхгүй. Гэхдээ шинэ валютын ханш маш доогуур байх бөгөөд евротой харьцуулахад ханш нь наад захдаа 30-50 хувиар буурах магадлалтай.

Хуулийн талаасаа бол Грек хормын дотор Европын холбооноос албан ёсоор салж, шинэ мөнгөн  тэмдэгт гарган эргээд холбоондоо нэгдэн боломжтой. Лисcабоны гэрээнд зөвхөн Европын холбооноос гарах үйлдлийг л заасан байдаг бөгөөд харин евро бүсээс гарах асуудлыг нарийвчлан заагаагүй юм.

Грекийн мөнгөний шинэчлэл зээлдүүлэгчдэд ямар үр дагавар үзүүлэх вэ?

Грек улс гадаадын зээлдүүлэгчид мөн өөрийн банкнаас авсан өрөө төлж чадахгүй. Учир нь бүх өр зээл Грекийн улсын үнэт цаасаар хийгдэсэн.Үнэт цаас нь үнэ цэнээ алдвал Грекийн олон банкууд дампуурах нь тодорхой.

Грекийн улсын үнэт цаасны томоохон баригч нь Европын төв банк (ЕТБ). Грекийн хямралаас үүдсэн хохирлыг үүсгэн байгуулагчид нь болох ЕХ ба евро бүсийн орнууд  нөхөн хаахаас өөр аргагүйд хүрнэ. Нэг үгээр Европын холбооны бүх  улсуудын татвар төлөгчид үүрнэ гэсэн үг. Европын хувийн банкууд өөрсдөө л үүссэн хохирлоо аргалахаас өөр аргагүй. Зарим зээлийн байгууллагуудад нь Засгийн газрынх нь тусламж хэрэгтэй болох байх.

Мөнгөний шинэчлэл нь дэлхийн санхүүгийн зах зээлийн томоохон зээлдэгч болох Грект ямар үр дагавар үзүүлэх вэ?

Ханш нь буусан валюттай, дампуурсан Грек тодорхой хугацаанд дэлхийн санхүүгийн зах зээлээс тусгаарлагдана. Олон улсын хөрөнгө оруулагч нар шинэ валют, Грекийн Засгийн газарт итгэх болсон цагт л улсын шинэ үнэт цаас гаргах асуудал босч ирэх юм.

Грекийн эдийн засаг яах бол?

Грек шинэ мөнгө тэмдэгттэй болсноор гадаадын жуулчид болон экспортлогчид л хожиж болзошгүй. Тухайлбал, Грект амрах дуртай германчууд эсвэл оросуудад  хувьд нутгийн архи “Метакса”-г хямдхан амтлах боломжтой болж магадгүй. Гэхдээ баян орнуудыг чинээлэг хүмүүс, нийгэм, эдийн засгийн ноцтой байдалд ороод дампуурсан оронд амрах уу гэдэг нь харин асуудалтай.  Мөн Грек рүү импортлож байгаа гадаадын бараа бүтээгдэхүүний үнэ ч өндөр болно. Жишээлбэл, шинэ Засгийн газар нь цахилгаанаар улс орноо тасалдуулалгүйгээр хангаж чадах эсэх нь одоогоор таамаг төдий. Оросоос нефть, байгалийн хий авлаа гэхэд хомсдолтой хатуу валютаар төлж чадах эсэх нь бас л эргэлзээтэй юм.

Европын холбоо цаашид Грект туслах болов уу?

Европын холбооны гишүүнээр үлдэж байгаа учраас Грек тусламжийн сангуудаас нь ерөнхий зарчмын дагуу Брюсселиэс тусламж гуйх эрхтэй. Гэхдээ тэд евро бүсийн орнуудыг дэмжих Европын тогтворжуулалтын EFSF, ESM сангуудын санхүүгийн тусламжийг авч чадахгүйд хүрнэ.

Грек өөрийн валюттай болоход хичнээн хугацаа шаардах вэ?

Грект гүйлгээний шинэ мөнгө гаргахад наад зах нь хэдэн долоо хоног хэрэгтэй. 2003 онд Ирак. шинэ мөнгийг хэвлэж, армийн хамгаалалтаар улс оронд нь тараахын тулд гурван сарын хугацаа зарцуулсан юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж