Монголын уран зургийн галерейд өнөөдөр нэгэн өвөрмөц үзэсгэлэн үүдээ нээсэн нь “Бидний бахархал”. Бахархаж буйн учир нь цаг зав, хүч хөдөлмөр, амьдралаа их спортод зориулсан үе үеийн тамирчдын амжилтын илэрхийлэл болсон олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон олимпийн наадмын дэвжээнээс хүртсэн аваргын цом, медалиуд болоод өнгөрсөн түүхийг өгүүлэх хувцас хэрэглэлийг олон нийтэд дэлгэн үзүүлж байгаа юм. Монголын олимпийн медальтнуудын холбооны санаачлагаар МҮОХ, БТСГ, Олимпийн медальтнуудын холбоо болон “Спортыг дэмжих төв” ТББ-аас хамтран зохион байгуулж буй эл үзэсгэлэнд их спортод амьдралаа зориулсан үе үеийн 150 гаруй шилдэг тамирчны 300 гаруй медаль, цом багтжээ. Үзэсгэлэнд 12 спорт холбоо өөр өөрсдийн спортын замнал, үүх түүхийг өгүүлэх гэрэл зураг, хувцас хэрэглэл, цом, медалийг дэлгэн тавьсан байлаа.
Өнөөдрөөс эхлэн 27-ныг дуустал үргэлжлэх “Бидний бахархал” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 16.00 цагаас болж, спортын салбарын удирдах байгууллага, спорт холбоодын төлөөлөл, үе үеийн тамирчин, дасгалжуулагчид хүрэлцэн ирсэн юм.
Тив, дэлхий, олимпийн тавцанд өндөр амжилт гаргаж, өдрөөс өдөрт амжилт нь өссөөр байгаа Монголын тамирчдын бахдам амжилт, сэтгэл огшуулсан тэр гайхалтай мөчийг эргэн сануулах “Бидний бахархал” үзэсгэлэнд та ч бас саатаарай.
Гэрэл зургийг энд дарж үзнэ үү.
С.Цэлмэг