Фронтын фото сурвалжлага хэт өндрөөс

Хуучирсан мэдээ: 2012.06.16-нд нийтлэгдсэн

Фронтын фото сурвалжлага хэт өндрөөс

Дорнод Каракорумын (Төв азийн уулсын систем) Сиачен мөсөн гол бол байгалийн үнэнхүү аварга байгууламж билээ. Түүний урт нь 78 км. Сиачен нь энэ хавийнхаа 5 том мөсөн голын нэг төдийгүй туйлын бус бүст оршдог дэлхийн хоёр дахь том мөсөн гол гэдгээрээ алдартай. Нөгөөтэйгүүр, энэ нь Дорнод каракорумын хамгийн аюултай газрын нэг бөгөөд энд… Энэтхэг, Пакистан хоёрын хооронд нэн ширүүн байлдаан болдог юм. Энэ тулаан бүр 1984 оноос эхтэй учраас Сиаченийг дэлхий дээр дайн болж байгаа хамгийн өндөр цэг гэж үздэг. Мөсөн уул далайн түвшнээс 6000 метр орчим өндөрт байрладаг билээ.

Сиаченийн мөргөлдөөн нь газрын зураг дээр энэ бүс нутгийг хуваахдаа хайхрамжгүй хандсанаас үүдэлтэй юм. 1971 оны Энэтхэг Пакистаны дайны дараа хоёр улсын хооронд энхийн хэлэлцээр байгуулагдсан ч үүнд энэхүү “маргаантай асуудлыг” тусгаагүй байна. НҮБ-ын түшмэлүүд энэ эзгүй, “хөлдүү” газар хоёр улсын хувьд “хөлөө жийлцэх хөнжил” болно гэдгийг төсөөлөө ч үгүй өнгөрчээ. Гэтэл 1970-аад оны эхээр Пакистаны засгийн газар энэ хавийн ноён оргилууд руу мацах нэрийдлээр Сиачений өндөрлөг рүү экспедици илгээх болжээ.

1984 онд Пакистан Сиачен дээр цэргийн анги байрлуулах оролдлого хийсэн ч Энэтхэг үүний хариуд байлдааны ажиллагаа эхлүүлжээ. Цаашид тулааны гал үе үе дүрэлзэж байсан байна. Мянга мянган дайчид жил болгон ийшээ ирдэг бөгөөд тэдний ихэнхи нь дайсны суманд биш хөлдөлт, цасны нуранги зэрэг “хайрхан” таалснаас болж нүд аньдаг.

Энхийн хэлэлцээр 2003 оноос хүчин төгөлдөр болоход хоёр тал нийтдээ 2000 гаруй хүнээ алдаад байсан юм. Энэтхэг Пакистан хоёр аль аль нь 3000 орчим цэрэг Сиаченд байрлуулаад байна. Эндхийн бэхлэлтийг санхүүжүүлэхэд Энэтхэг жилд 300 сая, Пакистан 200 сая ам доллар зарцуулдаг юм.

Энэ мөсөн гол дээр Энэтхэг хоёр ч аварга амжилт тогтоогоод байна. Тэд дэлхийн хамгийн өндөр нисдэг тэрэгний зогсоол (6400 метр) болон дэлхийн хамгийн өндөр утасны бүхээг байгуулсан билээ.

Энэ бол дэлхийд дайны гал дүрэлзэж байгаа нэг л газар…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж