
Хятад илүү богино хугацаагаар үнэ тогтоосон гэрээний эсрэг байр суурьтай байсан юм. Гэсэн хэдий ч Австралийн “Macquarie” банкны ахлах эдийн засагч Brian Redican “Төмрийн хүдэр дутагдалтай учраас Хятад худалдаж авахаас өөр аргагүй. Хэрвээ тэд тогтсон үнээр улирлаар гэрээ байгуулахгүй гэвэл нээлттэй зах зээл дээрээс авч болох хэдий ч тус зах зээлийн үнэ нь гэрээний үнэнээс 15-20 хувь илүү байх болно. Энэ нь бүр ч дор сонголт байх болно” гэж ярьж байна.
Урт хугацааны гэрээ байгуулж, жилээр үнэ мөрддөг хуучин систем олон зөрчил үүсгэдэг байсан. Зах зээл дээр нээлттэй зарагдаж байгаа хүдрийн ханш унахад хэрэглэгчид сэтгэл хангалуун биш байгаагаа хэлж, гомдоллодог бол үнэ өсөхөд уурхайнхан гомдоллодог байсан. Сүүлийн үед байгуулсан гэрээний үнэ өнгөрсөн жилийн үнэнээс бараг 100 хувь илүү үнэтэй байгаа.
Өнгөрсөн сард “Rio Tinto” компанийн дөрвөн ажилтан авлига авсан, худалдааны нууц задруулсан хэргээр Хятадын шүүхээс ял сонссон. Тэдний нэг Австралийн иргэн Stern Hu Хятадтай гэрээ байгуулах, үнэ тогтоох хэлэлцээрийг ахалж байсан юм.
Т.Бадрах