Ерөнхийлөгч хэлэхдээ “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг хэрэгжүүлэх ажилд нэг том алхам хийж байна. Нийгэмд шударга ёс тогтоох чиглэлд зарчмын дэвшил гарч байгааг хэлэх нь зөв байх. 2004онд захиргааны хэргийн шүүх байгуулагдаад 7 жилийн дараа Давж заалдах шатны шүүх бий болж байна. Энэ шүүхийг байгуулах үйл явц ийн их удсан нь янз бүрийн шалтгаан байсан биз. Гэхдээ заавал байгуулах шаардлагатай байсан. Ямар ач холбогдолтой шүүх вэ гэвэл онцлог нь гол төлөв төр засгийн байгууллага, албан тушаалтан болон жирийн иргэн хуулийн этгээдүүдийн хооронд гарсан маргааныг шийддэг. Ард иргэдийн зүгээс шударга ёсны талаар хамгийн их асуудал гаргаж тавьдаг. Энэ шүүх тогтолцооны хувьд одоо бүрэн бүтэн болж байна. Анхан шатны шүүх дээр асуудлаа шийддэг, хяналтын шат руу орохоор нөгөө шүүгч дахиад сууж байдаг, ер нь нэг ийм замбараагүй байсан. Заримдаа шүүгч дутахаар эрүү иргэний шүүгч нөхөж орж ажилладаг байлаа. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгэмд шударга ёс, хуулийг тэгш зарчмаар хэрэгжүүлэх ажил тийм хангалттай явж ирээгүй.
Одоо хангалттай явуулах нөхцөл бүрдэж байгаа. Захиргааны хэргийн анхан шатны, давж заалдах шатны шүүх бүрэн хэмжээгээр ажиллаж, Монгол Улсад иргэн, хуулийн этгээд, төр засгийн байгууллагуудын хоорондын маргаантай асуудлуудыг шийдэх боломжтой боллоо. Ер нь өнгөрсөн хугацаанд миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдоод шүүхэд хийсэн хоёр гол ажлын нэг нь энэ захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдсан, нөгөө нь шүүхийн нээлттэй байдал. Гарсан бүх шийдвэр маргааш нь олон нийтэд ил тод вэб сайт дээр тавигддаг болж байна.
Энэ байдал аймгийн шүүхээс эхлээд бүх шатны шүүхэд бий болж байгаа. Ингээд харахаар шүүх бол хаагдмал байгууллага биш. Шүүх бол нийгэмд шударга ёсыг хангах чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Хуулийг ялгамжгүй хэрэгжүүлэх тэр үйлчилгээний үлгэр жишээ нь энэ шүүх юм. Өнөөдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгч, дөрвөн шүүгч шинээр томилогдож байна. Ер нь Монголын төр засагтай холбогдсон гэрээ эрхийн маргаан үүсэхэд заавал Лондон явж асуудлаа шийдүүлдэг биш Улаанбаатартаа шийдэх том шаардлага тавигдаж байна. Шүүгчдийн ур чадвар ч их өндөр байх ёстой. Тэр асуудал шийдэж байгаа байдал нь Монголын, бас олон улсын стандартад нийцсэн байх ёстой. Таньдаг хүнээр дамжуулах, аль эсвэл мөнгө, албан тушаалтан ашиглах гэдэг хүчин зүйлүүд ордог гэж ярьдаг. Гадныхан үүнийг нь “Монголын зам” гээд нэрлэчихсэн байгаа юм.
Миний бодлоор одоо ийм “Монголын зам” гэж байхгүй болсон. Энэ асуудал эцэс болж байгаа. Шүүхийн шийдвэр бол эцсийн шийдвэр. Үүнийг хэн ч өөрчлөх эрхгүй. Тэр шийдвэр нь хуулийн дагуу ялгамжгүйгээр, албан тушаал, өнгө мөнгө харахгүйгээр шударга гардаг байх ёстой. Энэ үйл хэргийг хэрэгжүүлэхээр захиргааны давж заалдах шатны шүүх байгуулагдаж байгаа юм.
Энэ шүүхийг байгуулахаар 2010 оны 12 дугаар сард УИХ-аас шийдвэр гарч, бараг гучаад хүн энэ шүүхэд ажилд оръё гэж энэ шалгуулсан. Тэднээс зургаан шүүгч тэнцээд сая дахин шүүхийн ерөнхий зөвлөлөөр хэлэлцээд дөрвийг нь томилуулахаар ирүүлсэн юм. Нэлээн хүнд хэцүү шалгуурыг энэ хүмүүс давж ерөнхий шүүгч, шүүгч боллоо гэж бодож байна. Ийм шалгуурыг давж гарч ирсэн болохоор энэ шүүхэд ажиллах чадвартай, төр ард түмнийхээ итгэлийг даах чадвартай хүмүүс сонгогдсон гэж үзэж байна” гэв.