Шийдвэр гүйцэтгэлийг шүүхэд аваачъя

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Шийдвэр гүйцэтгэлийг шүүхэд аваачъя

АСУУДАЛ ХААНА БАЙНА ВЭ?

Цагдаагийн
байгууллагын дарга нарын шүүх хурал удтал шүүмжлэгдэж буй шүүхийн
тогтолцооны бас нэгэн ужгийг ил болголоо. Гэвч олон нийт, хэвлэл
мэдээллийн ихэнх байгууллагууд юунаас болж шүүхийн шийдвэр хэрэгжихгүй
байгаа тухай биш, харин хэн яав гэх үйл явдалд нь хөтлөгдсөөр байна.
Цагдаагийн дарга нар “Би тэр хорих руу чинь явахгүй ээ” гэж шүүгчийн
шийдвэрийг эсэргүүцжээ, эсвэл цагдаагийн дарга нар сайн дураараа цагдан
хорих руу явжээ, шүүгчийн гэр рүү, гар утас руу утасдаж “Хувцсыг чинь
тайлуулна. Чи охин хүүхэдтэй шүү” гэж заналхийлсэн зэргээр хэн нэгний
хэлсэн үг, хийсэн үйлдлийн зөв бурууг шүүцгээв. Жаахан хүүхдүүд кино
үзэхдээ “дайсны тал, манай тал” гэж хөөрдөг шиг. Цагдаа нарын буруу,
шүүгч нарын зөв, шүүхийн шийдвэр буруу бол хэрэгжүүлэх нь буруу гээд л.

Үнэндээ
энэ бүхнийг олон нийт ингэж хэлэлцэх ёсгүй байсан юм. Шүүхээс шийдвэр
нэгэнт гарсан бол хэрэгжүүлэх л ёстой. Тэрнээс биш “Цагдаагийн дарга нар
сайн дураараа цагдан хорих төврүү явлаа. /”Өнөөдөр” сонин, 2012.01.21/”
гэх ойлголт байх учиргүй. Шийдвэр гарсан л бол хэрэгжих л ёстой. Ингэж
байж л шүүх засаглалын мөн чанар оршиж байдаг. Гэвч шүүхээс цагдан хорих
тухай шийдвэр гарсан ч хэрэгжилгүй хэдэн өдөр болсныг бүгд харцгаав.
Шүүх хүчгүйдэж байгааг хараад ингэж болдог л юм байх даа хэмээн
гайхацгааж, зарим нэг нь “айдаст автсанаа” хүртэл зарласан.

Гэвч
гайхах зүйл үнэндээ алга байдаг аж. Олон нийтэд дуулиан тавьснаараа энэ
хэрэг л шүүхийн шийдвэрийн биелэлт хангалтгүй байдгийг олон нийтэд
илчилснээс биш үүнээс өмнөх олон олон тохиолдол дээр мөн л хэрэгждэггүй,
хүндхэн нөхцөлтэй байсаар иржээ. Тодруулбал, Иргэний болоод захиргааны
хэргийн шүүхийн шийдвэрийн хэрэгжилт 50 хувьтай л байдаг гэнэ. Шүүхийн
шийдвэрийн 50 хувь нь хэрэгжихгүй байгаа нь юутай холбоотой вэ? Үүнээс
харвал, Ч.Амарболд нарын цагдаагийн дарга нар гол асуудал биш бөгөөд
тэдэнд ийн шийдвэр биелүүлэхгүй байх боломж олгож буй шийдвэр гүйцэтгэх
тогтолцоонд л асуудал байгаа хэрэг.

50 ХУВЬ

“Шийдвэр
гүйцэтгэх байгууллагын ажилтан төрийн төлөөлөгч мөн” хэмээн Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн эхэнд заажээ. Харамсалтай нь эдгээр
төлөөлөгчдөөс болж шүүхийн шийдвэрийн биелэлтийн нэлээдгүй хэсэг
хэрэгжихгүйд хүрч байна. Тодруулбал, шийдвэрийн 50 хувийг биелүүлж
бардаггүй хэсэг. Өмнөх тогтолцооны үед энэ байгууллага нь шүүхийнхээ
дэргэд байсан бөгөөд тухайн үеийн шийдвэрийн биелэлт харин ч өндөр
хувьтай байв. Хууль зүй, дотоод хэргийн яаманд иргэдээс ирүүлсэн нийт
өргөдөл, гомдлын 40 гаруй хувь нь шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой байдаг
нь “энэ байгууллагыг хэрхэн ажлаа хийж чаддаг болгох вэ” гэдэгт анхаарал
хандуулахаас аргагүйд хүргэж байна. Иймдээ ч ажиллагаанд нь өгч буй
үнэлгээ үндсэндээ нийтлэг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөн­хий
газрын албан ёсны сайтад “Шүүхийн шийдвэрийн үйл ажиллагаа”-нд үнэлэлт
өгөх санал асуулгын цонх ажиллаж байх юм. Нийт санал өгөгчдийн хамгийн
өндөр санал болох 34 хувь нь хангалтгүй гэх үнэлгээ, 20 хувь нь
сайжруулах шаардлагатай хэмээн үнэлж. Хуульчид мөн л энэ байгууллагын
ажилд тааруухан үнэлэлт өгдөг. Тэд “Иргэний болон Захиргааны хэргийн
шүүхийн биелэлт, Эрүүгийн торгох ялын хэрэгжилт үнэхээр хангалтгүй
байдаг”, “иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гардаг
хариуцагчийг албадан ирүүлэх захирамжийг шүүхийн цаг­даа нар
биелүүлэхгүй хугацаа ал­дах тохиолдол их байдаг. Үүнээс болж шүүх ажлаа
хийхгүй байна гэх шүүмжлэл гардаг”, “Шүүхийн шийд­вэр гүйцэтгэх
байгууллага нь эд хөрөнгө битүүмжлэх захирамжийг биелүүлэхгүй хугацаа
алдсанаас болж шийдвэр биелэгдэх боломжгүй болох олон тохиолдол гардаг”,
“Хариуцаг­чаар татвал зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай шүүхийн
шийдвэр гарч байгаа үед цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах
ажиллагааг бараг хийдэггүй байдал нь иргэд байгуул­лагыг хохироож
байна”, “ихэнх төлбөр гаргуулах шийдвэр шийдвэр гүйцэтгэл дээр унасан
байгаа байх” хэмээн бухимдацгаасаар яваа.

ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НЬ ӨӨРӨӨ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЗӨРЧСӨӨР

Шүүхээс
гаргасан шийдвэрийг хэрэг­жүүлэх чиг үүрэг нь Засгийн газарт бий.
Тодруулбал, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх газар. Гэтэл хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газар нь өөрөө
шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүйн жишээ болж байна. Хамгийн сүүлийн
тохиолдол болох цагдаагийн байгууллагын удирдлагууд шүүхийн шийдвэрийг
зөрчин “цагдан хорих газар руу биш, эмнэлэг рүү хүргүүлсэн” энэ жишээг
хангалттай ярьцгаасан тул түр орхиё. Үүний өмнөх тохиолдол мөн л Засгийн
газар дээр бууж байх юм.

Цөмийн энергийн газрын дарга
С.Энхбатыг ажлаасаа үндэслэлгүйгээр халагд­сан тухай нэхэмжлэлтэй,
Зас­­­гийн газарт холбогдох хэрэг Сүхбаатар дүүрэгт шийдэгдэж буй. Энэ
нэхэмж­лэлийг нь хэлэлцээд шүүхээс Засгийн газрын тогтоолыг түдгэлзүүлэх
шийд­вэр гаргасан байтал Засгийн газар тоо­сон шинжгүй дараагийн хүнийг
томилж байх жишээтэй. Ер нь шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаанд саад
учруулж буй хүндрэлтэй асуудлын нэг бол төрийн байгууллагын албан
тушаалтантай холбоотой шийдвэр гүйцэтгэх хуудсын хэрэгжилт байдаг талаар
өмнө нь ч дуулдаж л байсан.

Тухайлбал, Баянгол дүүргийн
Татварын хэлтсийн дарга Х.Оюунтуяаг үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан,
ажилд нь эргүүлэн томилох тухай шүүхийн шийдвэрийг биелүүлсэн нэрийдлээр
ажилд буцаан томилж, хэд хоногийн дараа ажлаас нь дахин чөлөөлсөн,
Гаалийн ерөнхий газрын дэд даргаар н.Цогоо, Эрдэс баялаг, эрчим хүчний
яамны мэргэжилтэн н.Баатар, Нийслэлийн ЗДТГ-ын ажилтнуудыг ажилд нь
эргүүлэн томилохтой холбоотой 30 орчим шийдвэрийн биелэлт хангалтгүй гэх
ангилалд багтсаар уджээ. Хэрэгжүүлэгч Засгийн газрын гишүүдээс гадна
УИХ-ын гишүүд ч ам, ажил хоёроо нэгтгэж хуулийн шинэчлэлийг дэмжих бодит
хүсэлтэй зоригтой байхгүй бол хөндсөн сэдэв хөндүүрлэсээр байх биз.

Үүнийг
хэлэхийн учир нь өнгөрөгч жилийн өдийд Ерөнхийлөгчийн санаа­чилсан Шүүх
эрх мэдлийн шинэчлэлийн чуулган Төрийн ордонд зохион байгуулагдаж
хуульчид шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг хамгийн асуудалтай байгаа гэдэг
дээр санал нэг байв. Харамсалтай нь УИХ-ын нэгэн эрхэм гишүүн “Шүүхийн
шийдвэр огт биелэхгүй байна. Тэр дундаа хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон
шүүхийн шийдвэрийн гүйцэтгэл хангалтгүй, дөнгөж 10 хувьтай байна” гээд л
ярьж байв. Харамсалтай нь уг гишүүнд өөрт нь холбогдон гарсан хүүхдийн
тэтгэлэг тогтоосон шүүхийн шийдвэр нь огт хэрэгжээгүй байсан гэдэг.

УРАМШУУЛЛААР ХӨДӨЛДӨГ АЛБАТ

Шүүхээс
шийдвэр гарсан байтал шийдвэр гүйцэтгэгчдийн ая данг тааруулах гэж бас
нэг даваа байдгийг энэ даваагаар гарсан хүмүүс сайн мэднэ. Хоолонд
оруулж, унаа тэргээр үйлчилж байж шийдвэр гүйцэтгэгчийг дагуулж
шийдвэрийг гүйцэтгүүлэхээр авч явдаг гэлцдэг. Үнэндээ бол дагаж явдаг.
Төрийн нэрийн өмнөөс ажиллагаа явуулж төрийн дүрэмт хувцас өмсөөд төрөөс
цалинжиж байж бас урамшуулал авдаг тогтолцоондоо дасчихсан. Шүүхийн
шийдвэрээ бариад очиж байгаа хүнтэй “гүйцэтгэлийн гэрээ хийж байж
хөдлөнө” гээд суух. Үүгээрээ өөрт ногдох урамшууллаа баталгаажуулж байх.
Бүр байтлаа, шүүгч нь “наад хүнээ бариад хориодох” гээд шийдвэрээ өгөөд
байхад шийдвэр гүйцэтгэгчид нь өөдөөс нь “барих хэрэг байна уу даа.
Барьж хорих шаардлагагүй юм биш үү” гээд л зогсч байх жишээтэй. Үүнийг
өөрчлөхийн тулд нэг бол урамшууллаар ажилладаг хувийн байгууллагад эрхээ
шилжүүлсэн Америк загвар, эсвэл шүүхийн дэргэд шийдвэр гүйцэтгэх
байгууллага нь ажиллах зэрэг сонголт байж болохыг зарим хуульчдаас ч
санал болгодог. Төртэй хувийн компани гэрээ байгуулаад шорон зэргийг
ажил­луулна гэдгийг хүлээн зөвшөөрөх сэтгэл­зүй олон нийт битгий хэл
хууль тог­тоогч­дод ч шинэ тул бас л түр хойш нь тавья. Харин нөгөө арга
зам байж болох эсэ­хийг дараагийн хэсэгтээ харах гээд үзье.

ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫГ ТӨРХӨМД НЬ БУЦААЯ

Сингапурт 
байгаа хуульч найзаа­саа тухайн газрынх нь шүүхийн шийдвэрийн биелэлт
хэдэн хувьтай байдгийг сонирхлоо. 100 хувь. Тэнд шүүхийн байгууллагын
дэргэд sheriff & bailiff гэх албаны төрийн албан хаагчид шүүхийн
шийдвэрийг хэрэгжүүлдэг аж. Мөн шийдвэрийн биелэлт өндөртэй зарим улсын
шүүхүүд дэргэдээ хэрэгжүүлэгч бүтэцтэй байдаг нь зүгээр ч нэг тохиолдол
биш бололтой. Шүүхэд байх шийдвэр гүйцэтгэх байгууллага нь ажиллахгүй
бол шүүхийн нэр хүнд унах учир шүүх хүссэн хүсээгүй ажиллуулах аргаа
олдог байна. “Өөрийнхөө гаргасан шийдвэрийг нулимдаг хүн байхгүй”
гэдгийг бодсон ч яаж ийгээд биелүүлэх арга олох болно.

Үнэндээ
шүүхийн шийдвэр гүй­­цэт­гэх байгууллагын ачаалал хэрэг­жүү­лэлтэд
тодорхой хэмжээнд нө­лөөлж буйг хэн ч хүлээн зөвшөөрнө. Тооцоолол хийе.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дийлэнх хувийг эзэлдэг Нийслэлийн шийдвэр
гүйцэтгэх алба нь 100 гаруй албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж
байгаа. Тус алба жилдээ нийт 16174 гүйцэтгэх баримт бичигт гүйцэтгэлийн
ажиллагаа явуулж байгаагаас нэг шийдвэр гүйцэтгэгчид ногдож байгаа
ачааллаар нь авч үзвэл 290 гүйцэтгэх хуудас ногдож байгаа гэсэн тоо
гарчээ. Харин нэг шийдвэр гүйцэтгэгчийн жишиг, нормативыг 2008 онд Хууль
зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батлахдаа 150 гүйцэтгэх хуудас
байхаар тогтоожээ. Хөдөө орон нутаг дахь шийдвэр гүйцэтгэгч нарын ажлын
ачаалал харьцангуй бага байдаг бөгөөд ажлын ачааллыг тэнцвэржүүлэх
чиглэлээр зохион байгуулалтын ажлыг хийж чадахгүй байгаа нь 2010 онд
улсын хэмжээнд нийт 25288 гүйцэтгэх баримт бичгийн 60 гаруй хувь болох
16174 гүйцэтгэх баримт бичигт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 62
шийдвэр гүйцэтгэгч ажилласан бол үлдсэн 40 хувьд орон нутгийн 188
шийдвэр гүйцэтгэгч ажилласан гэх тооноос харагдаж байна.

Шүүгчид
ч мөн адил засаг захир­гааны нэгжийн харъяаллаасаа шалтгаа­лан харилцан
адилгүй ачаалалтай байдаг тул өнгөрөгч ээлжит бус чуулга­наар Шүүхийн
тухай хуульдаа өөрчлөлт оруулан асуудлаа шийдэхээр болсон. Асуудал
шийдэх арга нь тойргийн зарчим бөгөөд ачаалал багатай, нэгтгэж болох
газруудыг нэг тойрог болгоод хэмнэгдсэн албан хаагчдыг ачаалал ихтэй
хэсэгт нь хуваарилах тухай санаа. Хэрэв шийдвэр гүйцэтгэх байгууллага
шүүхийн дэргэд очсон тохиолдолд тойргийн зарчмыг мөн адил хэрэгжүүлэх
боломж нээгдэх нь тодорхой. Үүний үр дүн эерэг гарах нь ч ойлгомжтой.
Шүүхийн шинэчлэл хийх хүсэл байгаа л бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг
хэрэгждэг болгох хэрэгтэй. Харин хэрэгжүүлдэг болохын тулд шийдвэр
гүйцэтгэлийг шүүхэд нь аваачъя.

Б.ЭНХМАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж