Хятад тойрог замын залгалтдаа бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Хятад тойрог замын залгалтдаа бэлтгэж байна

Хятадын Сансар судлалын агентлаг энэ сарын 9-ний өдөр сардаа багтаан сансарт өөрсдийн нисгэгчтэй хөлгийг илгээн дэлхий орчмын тойрог замд байгаа нисгэгчгүй аппараттай жолоодлогот залгалт хийнэ гэж зарлажээ. Энэ нь сансрыг эзэмших Хятадын өргөн санаархлаа хэрэгжүүлэх нэг алхам нь болно.

Хятадын  Xinhua гэх мэдээллийн албан ёсны агентлаг нэрээ нууцалсан эх сурвалжаас авсан мэдээнийхээ дагуу дамжуулахдаа “Шэньжоу-9” сансрын хөлөг тойрог замын “Тяньгун-1” модультай зургадугаар сарын дундуур залгагдана гэсэн байв. Засгийн газар нь энэ ажиллагаа аль хир хугацаанд үргэлжлэх талаар мэдээлэл гаргаагүй.

Хятадын сансрын жолоодлогот нийслэгийн хөтөлбөрийн ерөнхий командлагчийн орлогч  Ню Хунгуан, сансрын хөлгийн гурван нисгэгчийн нэг нь эмэгтэй хүн байж магадгүй, гэхдээ эцсийн шийдвэр гараагүй байна гэснээс өөр мэдээлэл хэлсэнгүй.

Хятадын баруун хойд хэсгийн цөлд байрлах  Цюцюанийн сансрын хөлөг хөөргөх талбайн гарааны талбарт сансрын хөлөг ба зөөгч пуужинг байрлуулж эхэлсэн байна. Ойрын өдрүүдэд багийн гишүүд болон тоног төхөөрөмжийн бэлэн байдалд шалгалт хийнэ гэж  Xinhua мэдээлэв.

Xinhua мэдээлэхдээ хөлгийн багийн нэг гишүүн “Шэньчжоу-9” хөлөгтөө үлдэх ба бусад хоёр нь тойрог замын модульд орно гэжээ.

Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Бээжин сансрыг эзэмших таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлснээ зарласан юм. Түүний дагуу тэд сансрын лабораторийг тойрог замд байгуулах ба 2016 онд сарны  гадаргын дээжээс авчрах ажээ. Өмнө нь Хятадын засгийн газар 2020 он гэхэд сансрын жолоодлогот станцыг саранд хүргэнэ гэж зарласан байлаа. Хятадын Төрийн зөвлөлийн гаргасан энэ төлөвлөгөөгөөр Бээжин өөрийн зорилгоо биелүүлэхийн тулд цэргийн болон иргэний бүхий л нөөц бололцоогоо ашиглах болно. Хятадын ардын чөлөөлөх арми сансрын хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэний хүрээлэнгүүд нь цэргийнхэнд туслах ёстой.

Одоо Хятад хиймэл дагуул нисгэх талаар лидер болж байгаа ч АНУ-ын сансрын хөтөлбөрийн төв­шинд очтол олон жил хэрэгтэй гэж шинжээчид дүг­нэдэг. Хятадын Засгийн газар өөрийн нисэх, санс­рын инженерүүддээ тулгуурлан өөрсдийн санс­рын хөтөлбөрийг бүтээхэд сүүлийн жилүүдэд олон тэрбум ам.доллар зарцуулжээ. 2003 онд Хя­тад анхны сансрын нисгэгчээ нисгэсэн ба 2008 онд хятад сансрын нисгэгчид задгай сансарт гарчээ.

Хятад анхны сансрын залгалтыг 2011 оны  арваннэгүгээр сард хийн “Шэньчжоу-8” хөлгийг тойрог замын “Тяньгун-1” модульд алсын удирдлагаар залгасан байлаа. Энэ ажиллагааг төрийн телевизээр шууд дамжуулсан ба ерөнхий сайд Вэнь Зябао өөрөө Бээжингийн нислэгийн удирдах төвд ирэн түүнийг харж байв.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж