Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Шүүгчдийг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гарган Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг,  шүүгчээр Мишигийн Батсуурь, Авирмэдийн Отгонцэцэг, Түндэвийн Энхмаа, Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ нарыг  томилов.

Цэндийн Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн, 35 настай,
1994-1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургууль төгссөн бөгөөд  2006-2007 онд АНУ-ын Орэгэн мужийн “Вилламет” Их сургуулийн Хууль зүйн коллежид “Хууль зүйн мастер”-ийн зэрэг хамгаалжээ.

1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 1998-2002 онд Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн туслах, 2003-2004 онд Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажил эрхэлсэн туслах, 2004 оноос Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж байна. Мэргэжлээрээ 10 жил, үүнээс шүүгчээр 6 дахь жилдээ ажиллаж байгаа. Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Дөтгөөр түшээ” зэрэг дэвтэй, шилдэг хуульчдын нэг юм.
 
Мишигийн Батсуурь 1977 онд Булган аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, 1995-1999 онд “Шихихутуг” хууль зүйн дээд сургууль, 1999-2000 онд Монгол Улсын Их сургуулийн магистрын сургалтад Хууль зүйн салбараар тус тус суралцаж төгссөн байна.

1999-2001 онд “Mand P” ХХК-д гэрээт хуульч, 2001-2003 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд захирлын туслах, 2003-2009 онд тус сургуульд багш, 2009 оны 9 дүгээр сараас Худалдаа, хөгжлийн банкны Хуулийн газрын захирлаар ажиллаж байв.
 
 Авирмэдийн Отгонцэцэг 1965 онд Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, эмэгтэй, 46 настай, 1983-1988 онд Монгол Улсын Их сургууль, 1996-1997 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт тус тус төгсөж, 1998 онд Монгол Улсын Их сургуульд Хууль зүйн магистрын зэрэг хамгаалжээ.

1988-1990 онд Дундговь аймгийн хэсгийн ардын шүүхийн /хуучнаар/ шүүгч, 1990-1997 онд Хүүхдийн төлөө үндэсний төвд хуулийн зөвлөх, 1997-2004 Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албаны ахлах мэргэжилтэн, 2004 оны 6 дугаар сараас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа. Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Гутгаар түшээ” зэрэг дэвтэй.
 
Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ 1976 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, эмэгтэй, 34 настай, 1995-1999 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургууль, 2005-2007 онд тус сургуулийн магистрын сургалтад Хууль зүйн салбараар тус тус суралцаж төгссөн байна.
1999 оны 6 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл Өвөрхангай аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд дадлагажих өмгөөлөгч, 1999-2004 онд Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн туслах, 2004 оны 6 дугаар сараас Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр ажиллаж байв. Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Дөтгөөр түшээ” зэрэг дэвтэй.
 
Түндэвийн Энхмаа 1967 онд Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 43 настай, 1990-1994 онд Монгол Улсын Их сургууль, 1994-1998 онд тус сургуулийн магистрын сургалтад Хууль зүйн салбараар тус тус суралцаж төгссөн байна. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

1995-2000 Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, туслах шүүгч, 2000 оны 3 дугаар сараас 10 дугаар сар хүртэл Чингэлтэй дүүргийн шүүхэд орлон шүүгч, 2000-2004 онд Хан-Уул дүүргийн шүүхэд орлон шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004 оны 6 дугаар сараас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа. Монгол улсын Шүүхийн гутгаар түшээ зэрэг дэвтэй.

Эх сурвалж President.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж