Орос “Топ-20” зэвсэг үйлдвэрлэгчид багтлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Орос “Топ-20” зэвсэг үйлдвэрлэгчид багтлаа

Шведийн батлан хамгаалахын судалгаагаар Оросын “Алмаз-Антей” компани дэлхийн топ-100 зэвсэг үйлдвэрлэгч компанийн жагсаалтанд 18 дугаар байранд бичигдлээ гэж “РИА Новости” агентлаг Москва хотоос мэдээллээ. Стокхольмын Олон улсын энх тайвны судалгааны институтээс гаргасан “SIPRI-2010” судалгааны тайланд Алмаз-Антей компани 2008 онд 4.3 тэрбум ам.долларын зэвсэг худалдсан үзүүлэлтээр 18 дугаар байранд жагссан байна. Алмаз-Антей нь Оросын хамгийн том цэргийн нисэхийн үйлдвэрлэгч бөгөөд жижиг, дунд, алсын тусгалын агаарын батлан хамгаалах систем, тухайлбал С-300 Фаворит, С-400 Труимф зэрэг системүүдийг үйлдвэрлэдэг юм.

Зураг: С-400 агаарын батлан хамгаалах систем

С-400 Труимф систем нь 3,500 хүртэл километрийн радиус дотор “үл үзэгдэх онгоц”, далавчит, баллистик пуужингууд, агаарын байг илрүүлж, секундэд 4.8 км хүртэл хурдтай байг сөнөөх чадалтай. Шинээр зургаан төрлийн агаарын батлан хамгаалах/пуужингийн систем, түүн дотор тавдугаар үеийн С-500 агаарын батлан хамгаалах комплекс бүтээж байгаа бөгөөд түүнийг 2012 оноос үйлдвэрлэж эхэлнэ гэж Алмаз-Антей компани саяхан мэдэгдсэн.
“SIPRI Yearbook” нь олон улсын аюулгүй байдал, зэвсэглэл, зэвсэг хураах, томоохон зэвсэгт мөргөлдөөн, олон талт энхийг сахиулах үйл ажиллагаануудын талаар тайлан, шинжилгээ агуулдаг бөгөөд дэлхий даяарх цэргийн мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авдаг юм.
 
Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж