Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Төрийн ордон нам гүм

Төрийн ордон эзгүй шахам, коридороор алхах хүний хөлийн чимээ цуурайтаж сонсогдмоор нам гүм байна. Ерөнхийлөгч, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажилтнууд л тэнд амь оруулж, “хүнтэй газар шүү” гэдгийг мэдрүүлж үлджээ.

УИХ-ын эрхэм гишүүд “сааль сүү”-гээ орхиод сонгуульд шуударцгаасан. Энэ хооронд муугаар бодоход Монгол Улсад гамшиг тохиовол тэд маань цугларч ирдэг л байгаа даа. Урьд өмнөх сонгуулиудын үеэр гишүүд ингэж ордноо хоосон орхиж байсангүй. Үгүй ядахад 14 хоног завсарлаад л эргэж цуглардаг байсан. Гэтэл энэ удаа “сонгууль өнгөртөл чуулгангүй ээ” гэсэн захирамж гаргачихаад тараад явсан.

Маргааш Засгийн газрын ээлжит хуралдаантай. Ямар нэг шалтгаанаар хойшлуулахгүй бол ордон маргааш түр ч гэлээ амилах нь.

Хагас сарын дараа сонгууль болно. Сонгуулийн маргаашаас эзгүй ордон дүүрч шоргоолжны үүр шиг бужигнана. Эргэж сонгогдсон гишүүд аятай тухай өрөө шилж, сонгуульд унасан нэг нь ордноос нүүж, цоо шинэ гишүүд хуучин гишүүдийн голсон өрөөнд төвхнөх гээд эль хуль байсан Төрийн ордон олны хөлд дарагдах цаг уг нь дөхөж л байна.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж