Иргэдийг хөдөлмөр эрхлэлтээр дэмжих хөтөлбөр эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Иргэдийг хөдөлмөр эрхлэлтээр дэмжих хөтөлбөр эхэллээ

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам “Ажил олоход бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэлтээр дэмжих хөтөлбөр”-ийг хүн амын ядуурал, ажилгүйдэл ихтэй Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймаг болон нийслэлийн Сонгинохайрхан, Хан-уул дүүрэгт туршилтаар хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа өнөөдөр болсон байна. Хөтөлбөрийн дагуу амьжиргааны төвшин доогуур 900 өрхийн нэгээс доошгүй иргэн болон бусад зорилтот бүлгийн 3000 гаруй хүнийг эхний ээлжинд орлоготой, ажилтай болгохыг зорьжээ.
Хөтөлбөрөөр дамжуулан дараах зорилтот бүлгийн иргэдэд мэргэжлийн ба аж ахуй эрхлэлтийн сургалт, ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх, зээлд хамруулах, хувиараа бизнес эрхлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, цалингийн нөхөн олговор олгох зэрэг үйлчилгээ үзүүлэх юм байна.
–    хорих ангиас суллагдсан
–    асрамжаас хөдөлмөрийн насанд хүрээд гарч байгаа
–    эзэмшсэн мэргэжил нь ажлын байрны шаардлага хангахгүй байгаа 45-аас дээш насныхан
–    6 сараас дээш хугацаагаар ажил хайж байгаа
–    тодорхой мэргэжил, ур чадваргүй 25 хүртэл насныхан
–    хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн эх, эцэг, гэр бүлийн гишүүн
–    Мэргэжлийн өндөр ур чадвартай, эзэмшсэн мэргэжлээ бусдад сургах, аж ахуйн нэгж, нөхөрлөл, хоршоонд зөвлөх, сургагч багшаар ажиллах буюу нөхөрлөл, хоршоо байгуулах сонирхол бүхий тэтгэвэр авагч нар энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой юм. Мөн хөтөлбөрт зарим хүмүүсийг хувцаслалт, иргэний бичиг баримтжуулах үйлчилгээ ч мөн дагалдан хэрэгжих гэнэ. Цаашид хөтөлбөрийн туршилтын үр дүнг харгалзан бусад аймаг, дүүрэгт үргэлжлүүлэх ажээ.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж