Надаль “Роллан Гаррос”-т долоо дахиа түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Надаль “Роллан Гаррос”-т долоо дахиа түрүүлэв

Шороон талбайн хаан хэмээгдэж буй Испанийн теннисчин Рафаэль Надаль Францын нээлттэй тэмцээний долоо дахь цом, “Их дуулга”-ын 11 дэх цомоо хүртлээ. Тэрбээр Францын нээлттэй тэмцээний шигшээ тоглолтод дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жоковичийг 6:4, 6:3, 2:6, 7:5-ийн харьцаагар буулган авчээ. Тус тоглолт ням гаригийн үдэш болох байсан ч борооны улмаас хойшлоод байсан юм. Ингээд өчигдөр үргэлжлэн явагдаж, Надалийн ялалтаар өндөрлөсөн байна.

Надаль ийнхүү Францын нээлттэй тэмцээний долоон удаагийн аварга (1974-75, 1978-81), домогт Шведийн Бьорн Боргийн амжилтыг давтсан байна. Надаль өнгөрсөн гурван “Их дуулга”-ын шигшээд шалгарсан ч бүгдэд нь Сербийн Новак Жоковичид ялагдаж байсан билээ. Магадгүй энэ тэмцээнд Жокович түрүүлэх байсан бол дөрвөн “Их дуулга”-д дараалан түрүүлсэн теннисчин болох байлаа. Гэсэн ч шороон талбайн хаан Рафаэль түүнд боломж олголгүй, түүхэн амжилтын эзэн болж чадсан юм.

Рафаэль Надаль 2005 оноос тус тэмцээнд түрүүлсэн бөгөөд 2009 оны тэмцээнд дөрөвдүгээр тойрогт Шведийн Сёдерлингт ялагдаж, тэмцээнийг орхиж байжээ. Гэсэн ч тэрбээр сүүлийн гурван жил дараалан түрүүлж, тус тэмцээний долоо дахь түрүү, “Их дуулга”-ын 11 дэх цомоо хүртлээ. 

Дашрамд дуулгахад, оны гурав дахь “Их дуулга” болох “Уимбльдон” зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 8-ны хооронд, олимпийн наадмын талбайн теннисний тэмцээн ирэх долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 5-нд Бүх Английн Лаун теннисний клубын талбайд болох билээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж