Зочид буудал, зоогийн газрын үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Зочид буудал, зоогийн газрын үзэсгэлэн болно

Зочид буудал, зоогийн газрын хангамжийн “Horecа-2012” үзэсгэлэн өнөөдөр “Мишээл экспо” төвд эхэлж байна. БОАЖ-ын сайдын ивээл дор болж буй уг үзэсгэлэн өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх аж. Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлын холбооноос жил бүр зохион байгуулдаг тус үзэсгэлэнд Монголын нэр хүндтэй зочид буудал, ресторан, үйлчилгээний газрын төлөөлөл болох 70 гаруй байгууллага оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулахаас гадна амталгаат худалдаа хийх юм байна. Энэ жилийн үзэсгэлэнг шинэлэг бөгөөд онцлогтой хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцолж байгаа. Ерөнхий зохион байгуулагчаар АПУ компани ажиллаж буй бөгөөд архи, согтууруулах ундааг сурталчлахгүй байх гэнэ. Үзэсгэлэнгийн үеэр ямар төрлийн бүтээгдэхүүнээр хэрхэн хоол хийхийг зөвлөх, зочны ширээ засахад хэрэгтэй бүхий л мэдээллийг өгөх аж.

“Horecа-2012”  үзэсгэлэнгийн шилдгүүдийг зургадугаар сарын 13-нд шалгаруулж, “Үзэсгэлэн гэрэгэ” гардуулна. Ингэхдээ “Шилдэг стэнд”, “Өвөрмөц оролцогч”, “Шилдэг ивээн тэтгэгч” зэрэг номинациар шалгаруулж, үзэсгэлэнд оролцогсдыг хамруулсан товхимол гаргах юм байна. 

Мөн энэ үеэр Гаалийн ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын газар импортын бүтээгдэхүүний талаарх сургалт хийх ажээ. Тухайлбал, импортын бүтээгдэхүүнийг хэрхэн таньж авах, хадгалах тухай мэдээлэл өгөх гэнэ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж