
Францын хэт барууны үзэл баримтлалт Марине Ле Пений Үндэсний фронт нам парламентын сонгуулийн эхний шатанд сонгогчдын 13-14 хувийн санал авна хэмээн таамаглаж байсан авч сонгуулийн урьдчилсан санал хураалтаар ердөө гурван нэр дэвшигч парламентад сонгогдох төлөвтэй байгаа гэнэ.Францад зарим сонгогчид өндөр зардалтай зүүнийхэнд илүү эрх мэдэл олгох нь тус улсыг өрийн хямралд орж, олон улсаас санхүүгийн тусламж хүсч буй Грек, Ирланд, Португаль, Испани зэрэг орнуудын араас оруулах вий гэхээс болгоомжилж байгаа аж. Францын ерөнхийлөгч асан Николя Саркозигийн сонгуулийн кампанит ажлыг удирдсан, Консерватив намаас нэр дэвшигч Натали Моризет гэгч Ерөнхийлөгч Франсуа Олландын Засгийн газрыг улсын мөнгийг гарын салаагаар урсгаж, цацаж эхэлсэн бөгөөд Францыг Испани, Грекийнх шиг дампуурал руу хөтөлж байна хэмээн шүүмжилжээ. Франсуа Олланд өрийн хямралыг арилгана хэмээн Францчуудад амласан боловч зөвхөн өрнөөс гарснаар эдийн засгаа сэргээхгүй хэмээн сонгогчидтой маргалдаж байж ялалт байгуулсан билээ. Францчууд Франсуа Олландыг сонгосон өөр нэг шалтгаан нь тэрбээр тэтгэврийн дундаж насыг 60-аас бууруулна гэж амласан билээ. Харин түүний өрсөлдөгч Николя Саркози тэтгэврийн насыг 62 болгож нэмнэ гэсэн нь дэмжлэг авч чадаагүй билээ. Франсуа Олланд мөн Саркозиг ерөнхийлөгч байхдаа орон тоог нь багасгасан боловсролын тогтолцоог шинэчилж, олон мянган ажлын байр бий болгоно хэмээн амласан аж. Францын парламентын сонгууль, ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болдог бөгөөд таван жилд нэг удаа сонгогддог байна. Франсуа Олландын Засгийн газрын гишүүд ч мөн парламентын сонгуульд өрсөлдөж байгаа бөгөөд сонгуульд ялагдвал албан тушаалаа ч алдах аж.