Эрхүүгийнхэн тэргүүлж, Парис “баян ходоод” болов

Хуучирсан мэдээ: 2012.06.11-нд нийтлэгдсэн

Эрхүүгийнхэн тэргүүлж, Парис “баян ходоод” болов

Эх орноосоо алс хол ажиллаж, сурч, амьдарч байгаа монголчууд өчигдөр УИХ-ын сонгуульд анх удаа оролцож саналаа өглөө. Төрийнхөө сонгуульд оролцож, Монгол Улсын иргэнийхээ хувьд сонгох эрхээ эдлэх нь хилийн чинадад суугчдад олон жилийн турш мөрөөдөл байсан нь энэ удаа биелэв. Нэр дэвшигчийн төлөө санал өгөх эрхгүй ч сонгуульд өрсөлдөх эрхтэй 11 нам, хоёр эвслийн төлөө тэд сонгуульдсан юм. Энэ жил сонгуулийн насанд хүрсэн залуус анхны сонгуулиа эх орноосоо алс өгсөн ч “Би монгол хүн” гэсэн бахархал төрсөн нь лавтай.

Монгол Улсын 100 гаруй мянган иргэн гадаадад байдаг гэсэн албан бус мэдээ бий. Энэ нь Монголын хамгийн олон хүн амтай Хөвсгөл аймгийн оршин суугчидтай тэнцэх хэмжээний тоо юм. Тэдний дийлэнх нь сонгуулийн насны иргэд. Барагцаалбал 80 гаруй мянга нь насанд хүрэгчид. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд тэднээс 4276 нь оролцохоор бүртгүүлжээ. Хэдийгээр чамлалттай тоо ч хилийн цаанаас төрийн сонгуульд оролцох эхний алхам гэдгээрээ онцлог үйл явдал болов. Харин сонгуульд биеэрээ саналаа өгсөн нь 2777 хүн. Яагаад бүртгүүлсэн иргэдээс 1500 орчим нь саналаа өгөөгүй вэ гэдэг тусдаа асуудал.

СЕХ-ноос сонгуульд оролцох бүргэлийг онлайнаар явуулах журам гаргасан нь аль болох олон иргэнийг санал хураалтад хамруулах зорилготой байв. Ингэснээр 2500-гаас дээш гарахгүй байсан бүртгүүлэгсдийн тоо 4276 болтлоо нэмэгджээ. Тэднээс 44 нь бичиг баримтын зөрчилтэй хэмээн санал өгөх эрхгүй болжээ. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, бичиг баримтаа үрэгдүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй гэх зэрэг олон шалтгаан үүнд нөлөөлсөн байна. Яг санал өгөх байранд очиж санал өгөх гэхээр ЭСЯ, байнгын төлөөлөгчийн газар, консулын газраасаа алс хол, ажил, хичээлээсээ холдож чадахгүй гээд олон бэрхшээл заримд нь учирчээ. Ядаж Монголд байгаа ар гэртээ илгээдэг хэдэн валютаасаа чамгүй ихийг зарлагадан байж дипломат төлөөлгчийн газартай хотод очиж саналаа өгөхөөр болсон байдаг. Энэ мэт шалтгаанаар бүртгүүлсэн иргэдээс 1500 нь саналаа өгч амжсангүй. Гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн санал хураалт 39 салбар хороонд болжээ. Өөрөөр хэлбэл 39 газарт Монгол Улсын ЭСЯ, ерөнхий консул, консул, байнгын төлөөлөгчийн газар байрладаг гэсэн үг.

Хамгийн олон сонгогч бүртгүүлсэн газар нь ОХУ-ын Эрхүү хот. Тэнд санал өгөхөөр  626 хүн бүртгүүлснээс 350 нь санал хураалтад оролцож энэ тоогоороо гадаад дахь монголчуудаа тэргүүлээд байна. Английн Лондон хотод 388 сонгогч бүртгүүлснээс 239 нь сонгуульд оролцжээ. БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын ЭСЯ-нд 512 хүн бүртгүүлж, Лондонгийнхтой ижил тооны хүн саналаа өгчээ. Ингэж Лондон, Сөүлийн монголчууд сонгуулийн идэвхээрээ аман хүзүүдлээ.

Улаан-Үдэд 148, Хөх хотод 144, Бээжинд 125, Москвад 119, Вашингтонд 114, Варшавт 108 сонгогч сонгуульд оролцон, шинэ УИХ бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулав. Сонгуулийн идэвхээрээ Кувейтийнхэн магнайлсан байна. Кувейтийн 10 монгол 100 хувь сонгуульдаа оролцож идэвхээрээ тэргүүлжээ. Тувагийн нийслэл Кызыль хотын 25 монгол иргэний 24 нь, Тайландын нийслэл Бангкокийн 14-ийн 13 нь, Лаосын Вьентьян хотын 33-ын 31 нь, Канадын Оттавагийн 28-ын 26 нь, Кубын Гавана хотын 23-ын 18 нь санал хураалтад оролцсон нь хамгийн өндөр ирцтэй сонгууль болжээ. Харин Парисын монголчуудын санал хураалтын ирц гүйцсэнгүй. Нийт 178 сонгогч бүртгүүлснээс 82 нь саналаа өгсөн нь 50 хувийн босго давж чадсангүй. Үүгээрээ хамгийн “баян ходоод”сонгууль Францад болсон байна.

Цагийн зөрүүгээрээ хамгийн сүүлд өнөө өглөөний 08.00 цагт Америк тивийн монголчуудын сонгууль өндөрлөж мэдээгээ ирүүлээд байна. Гадаадад байгаа монголчуудын саналыг битүүмжилсэн байдлаар нь СЕХ-нд өгч, эх орондоо байгаа монголчуудын саналаа өгөх зургадугаар сарын 28-ны оройн 20.00 цагаас хойш тоолно. Тэр үед хилийн чинад дахь монголчуудын дийлэнх  аль нам, эвслийг дэмжсэн нь тодорхой болох юм.

Ямар боловч эх орноосоо алсад суугаа монголчуудын анхны сонгууль амжилттай болж өнгөрлөө.

Гадаад дахь монгол иргэдийн санал өгсөн байдлыг дараах хүснэгтээс харна уу.

Туркийн Анкара дахь Монгол Улсын Элчин сайдын яам

Австрийн Вена хот дахь Салбар комиссын санал авах байр

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж