Умард Солонгос цөмийн туршилтад бэлтгээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.06.10-нд нийтлэгдсэн

Умард Солонгос цөмийн туршилтад бэлтгээгүй гэв

Умард Солонгос цөмийн туршилт явуулж буй гэдэг таамаглалыг тус улсын албаны хүмүүс үгүйсгэсэн байна. Гэвч цөмийн байгууламжаа шинэчилж буй нь БНСУ-ын дайралтаас  хамгаалах зорилготой гэжээ.

Умард Солонгосын Гадаад хэргийн яамны төлөөлөгч “БНСУ биднээр цөмийн туршилт хийлгэхийн тулд биднийг оролдож байна” хэмээн мэдэгджээ. Тэрбээр дээрх мэдэгдлийг Пхеньянийн “KCNA” агентлагаар уламжилсан байна.

Хиймэл дагуулаас авсан зурганд үндэслэн Умард Солонгосыг цөмийн шинэ туршилтад бэлтгэж буй гэх таамаглалыг АНУ, БНСУ-ын цөмийн шинжээчид гаргасан билээ.  Цөмийн шинжээчдийн үзэж буйгаар Умард Солонгосын Musudan-ri цөмийн байгууламжид 2011 оны дунд үеэс хойш асар их өөрчлөлт хийгдэж байгаа юм.

Нөгөө талаар өнгөрсөн дөрөвдүгээр сард хөөргөсөн Умард Солонгосын хиймэл дагуулын пуужингийн туршилт амжилтгүй болсны дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус улсын эсрэг хоригоо чангатгасан билээ. 2006, 2009 онд Аюулгүйн зөвлөлөөс хориг тавьсны дараа Умард Солонгос хоёр удаа цөмийн туршилт явуулсан байдаг.

Умард Солонгос хэрэв цөмийн туршилт явуулвал зохих хариуг нь өгнө хэмээн АНУ хэдийн анхааруулаад байгаа аж. Харин дэлхийн хамгийн хаалттай энэ орны удирдагчид цөмийн туршилтад бэлтгэж буй гэдэг таамгийг үгүйсгэсээр байгаа билээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж