”Монгол түгжрэл”-ийг гиннесийн номонд бүртгүүлье

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

”Монгол түгжрэл”-ийг гиннесийн номонд бүртгүүлье

Хүүе, цаана чинь Улаан-Үдийнхэн Гиннесийн дээд амжилт тогтоох гэнэ. Тэд мон­голчуудаас түрүүлж сэт­гэн дэлхийд хамгийн том мон­гол гэр барьж, олныг алмай­руулахаар шийджээ. Ха­рин бид тэднээс дутах юу байх вэ. Улаанбаатар хо­тынхонд тулгамддаг асууд­луудаа Гин­несийн номонд бүрт­гүүлье. Нийслэлд маань улс бүхэнд тулгардаг бэрхшээл цөм бий. Гэхдээ зарим орны иргэдийн хувьд, урьд нь огт сонсоогүй, биеэр мэдрээгүй бэрхшээлүүд ч байх. Тэр ч бүү хэл орчин үеийн анагаах ухааны салбарынхан огт мэд­­дэггүй өвчнөөр иргэд маань өвчлөх нь бий. Өвөл боло­ход уушги, цээж утаа­гаар “түгжирнэ”. Хавар бол­могц Сүхбаатарын талбай жаг­сагчдаар “түг­жирнэ”. Ха­рин зам нь жилийн дөрвөн улир­лын туршид түгжирнэ. Улстөрчид нь хууль батлах­даа хүртэл  хэрэлдэж, хэлэл­цэж түг­жирнэ. Ерөөс энэ Мон­голын амьдрал тэр чигтээ түгжрэл юм гээч. Ха­­рин авлигын тор тэрхүү түгжрэлд дөрөөлөн их, багаар цэцэглэсээр байна. 

Москва хот хэдэн жилийн өмнө дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотоор шалгарч бай­сан. Улаанбаатарчууд ч бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг өд­­рөөс өдөрт өсгөж, дээд ам­­жилт тогтоох цаг айсуй. Ул­сынх нь алдар суу олон улсад мандах учраас иргэд үнийн өсөлтөд хүлцэнгүй нь аргагүй захирагдаж байна. Ер нь монголчууд “Хэцүү” хү­мүүс биш. Гадаадынхан онго­цоор зорчихдоо яаж ямбал­даг гэж санана. “Би хэсэг­хэн дугхиймээр байна. Хүүхдүүдийг маань тог­лоомын өрөөнд оруулж өгнө үү. Шүршүүрт орох гэсэн юм. Онгоцныхоо сэнсийг унт­раагаач” гэх мэтээр яршиг түвэгтэй шаардлага тавина. Бас болоогүй ээ. “Гамбургер идэх гэсэн юм. “МакДональдс”-аар үйлч­лүүлье” гэж тулгадаг юм гэнэ шүү. Тиймээс УИХ-ын гишүүд сонгогчдодоо баяр­лах хэрэгтэй. Учир нь бид тэднээс “Сансарт нисгэж өг”, “Элсэн цөлд мод тарь”, “Мон­голын бүх иргэнийг дэл­хийн тэрбумтнуудын жаг­саал­тад оруулж өгөөч” гэж шаарддаггүй шүү дээ. Энэ бүхэнд талархах хэрэгтэй. Ха­рин тэднээс хүсэх зүйл байна. “Монголчуудын амьдралд то­хиолддог ер бусын үзэгд­лүүдийг Гиннесийн номонд бүртгүүлж өгөөч” гэж. Бүр “Монгол түгжрэл” гэж бүртгүүлье, мөн үү.

С.БАТТУЛГА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж