Москва хот хэдэн жилийн өмнө дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотоор шалгарч байсан. Улаанбаатарчууд ч бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг өдрөөс өдөрт өсгөж, дээд амжилт тогтоох цаг айсуй. Улсынх нь алдар суу олон улсад мандах учраас иргэд үнийн өсөлтөд хүлцэнгүй нь аргагүй захирагдаж байна. Ер нь монголчууд “Хэцүү” хүмүүс биш. Гадаадынхан онгоцоор зорчихдоо яаж ямбалдаг гэж санана. “Би хэсэгхэн дугхиймээр байна. Хүүхдүүдийг маань тоглоомын өрөөнд оруулж өгнө үү. Шүршүүрт орох гэсэн юм. Онгоцныхоо сэнсийг унтраагаач” гэх мэтээр яршиг түвэгтэй шаардлага тавина. Бас болоогүй ээ. “Гамбургер идэх гэсэн юм. “МакДональдс”-аар үйлчлүүлье” гэж тулгадаг юм гэнэ шүү. Тиймээс УИХ-ын гишүүд сонгогчдодоо баярлах хэрэгтэй. Учир нь бид тэднээс “Сансарт нисгэж өг”, “Элсэн цөлд мод тарь”, “Монголын бүх иргэнийг дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад оруулж өгөөч” гэж шаарддаггүй шүү дээ. Энэ бүхэнд талархах хэрэгтэй. Харин тэднээс хүсэх зүйл байна. “Монголчуудын амьдралд тохиолддог ер бусын үзэгдлүүдийг Гиннесийн номонд бүртгүүлж өгөөч” гэж. Бүр “Монгол түгжрэл” гэж бүртгүүлье, мөн үү.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин