Хуульд өөрчлөлт оруулах шаардлага тулгарчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Хуульд өөрчлөлт оруулах шаардлага тулгарчээ

Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Монголын үйлдвэрлэлийн геологчид” холбоо болон геологи, уул уурхайн хайгуул, судалгааны чиглэлийн үйл  ажиллагаа явуулдаг байгууллагуудаас зохион байгуулж буй “Монголын геологи, хайгуул 2011” зөвлөлгөөн өчигдөр эхэллээ. Энэхүү арга хэмжээ өнөөдөр өндөрлөх бөгөөд геологи, эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудал, ололт амжилт, цаашдын хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө зэргийг голчлон ярилцаж байгаа юм.  Зөвлөлгөөний хүрээнд ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүд дэлгэрэнгүй танилцуулга болон зарим төрлийн үнэт чулуу эрдсийн дээжийг дэлгэсэн байлаа.

Төсвийн хөрөнгөөр хийж буй геологийн судалгааны ажлуудын үр дүн сайн байгаа хэмээн Эрдэс баялаг, эрчим хүчний яамны мэргэжилтэн онцолсон. Гэхдээ 2011 оны төсөвт геологийн судалгааны ажилд ямар нэг мөнгө төсөвлөхгүй хэмээж байсан бөгөөд дахин санал оруулж байж тодорхой хэмжээний мөнгийн судалгааны ажилд зарцуулахаар болсон гэдгийг онцолъё. Учир нь судалгааны ажлын үр дүн тэр дороо гардаггүй нь эдийн засгийн хувьд үр ашиггүй байгаа гэх дүгнэлтийг гаргахад хүргэдэг ажээ.

“Монголын үйлдвэрлэлийн геологчид” холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнийн хэлж буйгаар геологийн хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хэд, хэдэн бэрхшээл тулгардаг аж. Тэрбээр “Геологийн хайгуул, судалгааны ажлыг тодорхой дэс дараалалтайгаар шинжлэх ухааны үндэслэлтэй хийдэг. Гэтэл манайд үүнийг зохицуулах хууль эрхзүйн орчин байхгүй.  Мөн ашигт малтмалын хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрлийг олноор нь  цуцлах шийдвэрийг гаргасан нь тодорхой хэмжээний хүндрэл учруулж байгаа” хэмээв. Зөвлөлгөөнд оролцогчид Монгол Улсад геологийн салбарт хэрэгжүүлэх ажлын тодорой стандарт байхгүйг онцолж байсан. Геологийн судалгаа, шинжилгээний ажлыг хуучин ЗХУ-ын стандартын дагуу явуулж байгаа бөгөөд энэ нь одоогийн нөхцөл байдалд төдийлөн нийцэхгүй байгаа аж. Мөн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага ч тулгарчээ. Учир нь  уг хуулийн гол үзэл баримтлал нь Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихийг чухалчилсан байдаг. Тиймээс одоо гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниуд үндэсний компаниудын зах зээлийг шахах хандлага ажиглагдаж байгаа аж. Сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын тоо олширч байгаа нь үүний нэг жишээ. Харин Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газрын мэргэжилтнүүд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах бус Геологийн ажлын тухай хуулийг шинээр санаачлан батлах талаар хэлэлцэж байгаа гэсэн юм.

Ашигт малтмалын хайгуул, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компанийнхан төр засгийн зүгээс холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулах асуудлыг голчлон ярьсан. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Б.Баатарцогт уул уурхайн компаниуд холбогдох   хууль, журмыг хэрэгжүүлэхгүй байгааг онцолсон юм. Гэхдээ энэ нь хоёр талтай аж. Хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаггүй компаниуд байдаг ч Ашигт малтмалын тухай хуульд цаг үед нь тохирсон өөрчлөлт оруулахгүй  байгаа нь энэ байдлыг үүсгэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг юм байна.

Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж