Цөмийн гүрнүүд зэвсгээ хорогдуулан сайжруулж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

Цөмийн гүрнүүд зэвсгээ хорогдуулан сайжруулж байна

Баримтад тэмдэглэснээр, одоо дэлхийн найман орон хэрэглэхэд бэлэн 4400 цөмийн цэнэгтэй байгаагийн тал хувь нь байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байна. Дэлхийн хэмжээнд байгаа нийт цөмийн цэнэг 2012 оны эхний баримтаар 19 мянга байна.

Дэлхийн цөмийн цэнэгийн тоо хорогдож байгаа ч тэр зэвсэг улам төгсжиж байна хэмээн Шведийн SIPRI хүрээлэн дүгнэж байна. Мэргэжилтнүүд цөмийн гүрнүүд цөмийн зэвсгээсээ салах янзгүй байгааг тэмдэглэжээ. Цөмийн цэнэгийн тоо хорогдож буй ч түүнийг сайжруулан төгсжүүлж байгаа гэсэн дүгнэлтийг Стокгольмын Дэлхийн энх тайвны асуудлын судалгааны хүрээлэнгийн SIPRI шинжээчид энэ долоо хоногийн эхээр гаргасан жил тутмын шинэчилсэн илтгэлдээ өгүүлжээ.

Жилийн өмнө цэнэгийн тоо 20500 байсан юм. Тэднийг хорогдуудсан ч ямар нэгэн үр дүн гарсангүй. Учир нь албан ёсоор цөмийн гүрэн гэгдэх АНУ, Орос, Хятад, Франц, Их Британи зэрэг таван орон өөрсдийн атомын зэвсгээ сайжруулан шинэчилсэн эсвэл шинэчлэх төлөвлөгөөтэй байна гэж SIPRI хүрээлэнгийн шинжээчид үзлээ. “Эдгээр орнууд өөрсдийн цөмийн зэвсгээ хугацаагүйгээр хадгалан үлдэх гэж буй сэтгэгдэл төрж байна” хэмээн илтгэлд өгүүлэв.

Статусаа барих “хатуу валют”

“Өнөөг хүртэл цөмийн гүрнүүд зэвсэглэлийг хураах эрмэлзлэлээ  амаар хэлж ирэв. Гэхдээ цөмийн зэвсгийг шинэчлэн сайжруулах тасралтгүй ажиллагаа нь цөмийн зэвсэг бол олон улсын статус ба нөлөөгөө барих хатуу валют чигээрээ байгааг гэрчилж буй” хэмээн SIPRI хүрээлэнгийн шинжээч Шэннон Кайл тэмдэглэжээ.

Стокгольмын хүрээлэнгийн мэдээгээр, Энэтхэгт 80-110, Пакистанд 90-110, Израильд 80 цөмийн цэнэг байгаа аж. Эдгээр орнууд албан ёсоор өөрийн цөмийн зэвсгийн талаар мэдээлэл гаргадаггүй. Гэхдээ Энэтхэг, Пакистан хоёр цөмийн зэвсэг зөөх шинэ системүүдийг бүтээн, туршиж байна. Мөн тэд цэргийн зорилготой ураны баяжуулалтын үйлдвэрлэлээ өргөжүүлсээр байгаа аж.

Ираны шашин, төрийн лидер аятолла Али Хаменеи Исламын бүгд найрамдах Иран улсыг үндэслэгч аятолла Рухолла Мусави Хомейнийн нас барсан өдрийн ойгоор үг хэлэхдээ “Ираны цөмийн талаар барууны орнуудын зүгээс тавиад буй асуудал нь олон нийтийг АНУ ба Европын асуудлаас холдуулах гэсэн оролдлого. Ираны ард түмэн америкгүйгээр, тэдний дайсан гэгдээд байхдаа ч хөгжих чадвартай. Олон улсын улс төрийн хүрээ, хэвлэл мэдээлэл Ираны цөмийн аюулын талаар шуугиж байна. Би үүнийг худал гэж хэлнэ. Тэд хуурч байна. Тэдний айж байгаа, айх ёстой зүйл нь цөмийн зэвсэг биш, исламын Иран” хэмээн онцолсон байлаа.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж