Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Шатрын УАШТ эхэллээ

Монголын шатрын холбооны 2011 оны улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн өнөөдөр эхэллээ. Эрэгтэй, эмэгтэй хоёр ангиллаар зохиогдож буй УАШТ-д өнгөрсөн жилийн шигшээ тэмцээний медальт байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчнаас гадна 2011 оны хагас шигшээ тэмцээнд амжилттай оролцсон эрэгтэй 13, эмэгтэй 11 шатарчин оюун ухаанаа уралдуулж байна. Шатарчид тойргийн системээр тоглож, аваргаа тодруулах бөгөөд түрүүлсэн шатарчин алтан медаль, аваргын цомоос гадна 600 мянган төгрөгийн мөнгөн шагналын эзэн болох юм. Тэмцээн дөрөвдүгээр сарын 3-нд өндөрлөнө.

Дашрамд сонирхуулахад, шатрын УАШТ анх 1948 оны хоёрдугаар сард зохиогдоход Д.Намсрай түрүүлж байжээ. Харин эмэгтэйчүүдийн анхны УАШТ 1954 онд болж, Д.Бямбаа 14 тавилаас 12-т хожсоноор анхны аварга болж байсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд их мастер Б.Хатанбаатар хамгийн олон буюу найман удаа түрүүлж байсан бол эмэгтэйчүүдээс Ц.Батцэцэг долоон удаа улсын аваргаар тодорчээ. Харин өнгөрсөн жил эрэгтэйчүүдийн ангилалд Н.Баттулга, эмэгтэйчүүдийн ангилалд У.Лхамсүрэн нар тэргүүлсэн юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж