О.Содбилэгийн “содон мессэж”

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

О.Содбилэгийн “содон мессэж”

УИХ-ын ээлжит сонгууль болох гээд хаа сайгүй таних, танихгүй хүний зурагтай самбарууд хотын гудамжуудыг чимэх болж. Сонгуульд нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуулийн дагуу СЕХ-оос батламжаа авсан өдрөөс эхлэн албан ёсоор сурталчилгаагаа эхлүүлэх ёстой. Үүний дагуу ч хуулийн хугацаа болж зургадугаар сарын 6-наас намууд ч, нэр дэвшигчид ч ажилдаа орсон.

94183652 дугаараас мессеж ирж байна. “Шинэ Орхон, шинэ найдварийн төлөө хамтдаа Отгонбилэгийн Содбилэг” гэсэн үгтэй сонин мессэж ирж байна. Гэхдээ энэ мессеж зөвхөн орхончуудад хамаатай бөгөөд тус аймгийн уугуулуудад ирсэн “new message”. Уг нь сонгуулийн сурталчилгааг үүрэн холбооны утас ашиглан хийхгүй гээд хуулиндаа заачихсан байгаа. Залуу улстөрчийн хувьд хуулиа мэдэхгүй байгаагийнх уу, эсвэл хамгийн үр дүнтэй арга хэрэглэж УИХ-д суудал горилох гэснийх үү мэдэхгүй юм. Шинэ Орхоныг О.Содбилэгтэй хамт байгуулах юм гэнэ.

МАН энэ жил намдаа цус сэлбэж нийт нэр дэвшигчдийнхээ 30 орчим хувийг 40 хүртлэх насны залуучуудын багаар бүрдүүлсэн гэсэн. Үүний нэг нь О.Содбилэг. Түүнийг орхончууд аавынх нь нэрээр танидаг бөгөөд гадаадад, дотоодод галуу шувууны мах иддэг мэдлэгтэй боловсролтой залуу гэж мэдэх биз. Харин гадаадад эзэмшсэн мэдлэг боловсролоо ашиглаж, орхончуудыг гайхуулж байсан удаагүй. Сайн нэртэй аав, сайхан эхнэрийнхээ сүрэнд даргадаж явсан уу гэхээс өөрөө гялтайх нь тун ховор.

Түүний сонгуулийн хууль зөрчиж байгаа нь анхных биш. Өнгөрсөн гуравдугаар сард Орхон аймгийн сонгогчдын бизнест хөрөнгө оруулж, зээл олгож, үнэгүй сургалтанд хамруулна хэмээн амлаж байсан. О.Содбилэгийн хишгийг хүртэх нь их энгийн. Түүний удирддаг “Монгол 21” сангийн зорилго болон гишүүнчлэлийг хүлээн зөвшөөрч, анкет бөглөөд гүйцээ.

“Монгол 21” сан. Орхон аймагт нэр дэвших О.Содбилэгийн удирддаг сан юм. Таныг ““Монгол 21” сангийн гишүүнчлэлд урьж байна”. ““Монгол 21” сангийн гишүүнчлэлд 18-аас дээш насны Орхон аймгийн иргэд бүгд хамрагдах боломжтой ба гишүүнчлэл нь үнэ төлбөргүй хийгдэнэ” гээд л. Өөрөөр хэлбэл, сонгууль өгөх насны бүх иргэд гэсэн үг. Энэ санд элссэнээр үнэ төлбөргүй сургалтанд сууж, бичил зээлд дэмжлэг авч, О.Содбилэгтэй холбоотой мэдээ, мэдээллийг хүлээн авах зэргийг зөвшөөрвөл та тус сангийн гишүүн болж болно. Үүнд нь урамшсан Эрдэнэтийнхэн өөрсдийгөө төдийгүй, ойр дотныхноо ч бүртгүүлчихэж. Цагаан сараар танихгүй дугаараас 5000 нэгж илгээв. Хайрт ээжээс минь болов уу гэтэл үгүй. Мөнөөх алдарт дугаараас шүү. Ингээд л хам хэрэгтэн болчихсон. Уг нь би саналаа худалдах гээгүй. Гэтэл түүний сангаас “УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.15-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор … сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх”-ийг хориглоно. Мөн уг хуулийн 35.18.10-д “…сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй иргэн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгох”-ыг хориглосон заалтыг зөрчин зөрчин “авлигадаж” байна. Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гээд заачихсан байдаг.

Энэ мэт содон мессеж бичиж, сан байгуулсан нэрээр сонгогчдын саналыг худалдаж авах гэж санаархсан суудал горилогчдыг СЕХ авч хэлэлцвэл яасан юм бэ. Сурталчилгаа эхлээд хэд хонож байхад ингэж байгаа хойно гурван долоо хоногийн турш юу ч хийж магадгүй нь шүү СЕХ-ныхоон.

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж