
Эндээс хамгийн ноцтой нь дөрвөн хүн галт зэвсгийн суманд өртөж амиа алдсан, тав, зургаан хүн шархадсан явдал. МАХН-ын цагаан ордон шатсан ч буурин дээр нь Тусгаар тогтнолын ордон сүндэрлэчихсэн. Соёлын төв өргөөний галд өртсөн хэсгийг буулгаж байна. Мөдхөн нэг өргөө өрхөө татах биз. Нөгөө уйлаан гаслаан болоод байсан морин хууруудыг шинээр урлаж, хуйхлагдсан хувцас хунарыг улам дэгжнээр солиод хийчихсэн л байгаа.
Гагцхүү хүний амь нас төлөгддөггүй болохоор дөрвөн хүнийг хэний тушаалаар тараасан ямар буугаар, хэний өгсөн командаар, хэн гал нээж егүүтгэв гэдэг нэхэл хатуутай үлдээд байна. Эрх биш амьтайгаа үлдсэн юм болохоор шархдаж гэмтсэн тав, зургаан хүн шүүхийн шийдвэрийг хүлээж суугаа. Энэ хэргийг өнгөрсөн дөрвөн жилд нэг тийш болгож чадаагүй. Зүгээр хий сум өөрөө бууны гол төмрөөс “нисээд” хүн оночихно гэж байхгүй болохоор хэн нэгний хуруу гох татсан л байж таарна. Харин тэр гох дарах тушаалыг хэн өгсөн бэ гэдгийн учгийг тайлахаар шүүгч нар ид ажиллаж байна. Гэтэл хуулиа мэдэхийн дээдээр мэдэж буй цагдаагийн экс дарга нар, хууль, шүүхээр мэргэшиж хошууч генерал, хурандаа болтлоо дэвшсэн эрхмүүд шүүхийг шүүх шиг ажиллах гэхээр элдэв арга бааш сэдэх болов. Тэр дөрвөн хүний амийг хэний тушаалаар хөнөөв гэдгийг л мэдэх гэж шүүх хуралдаад байна шүү дээ. Мэдэх хүмүүс нь өдгөө шүүгдэж буй эрхмүүд мөнөөсөө мөн. “Бид тушаалаар л ажилладаг” хэмээн мэлзэх мөртлөө хэн нэгний тушаалаар цагдаа нарт буу, сум тараасан ч юм шиг, үгүй ч юм шиг бөрөнхийлөх, тушаал өгсөн даргаа амиараа хамгаалан бөөцийлөх нь энгийн хүмүүст хамгийн утгагүй харагдаж байна.
Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаяр энэ хэргийг маш сайн шүүж байгаад талархах хэрэгтэй. Эрүүл мэнд нь сайн бус, хагалгаа, эмчилгээ хийлгэсэн шүүгдэгч нарыг хувь хүнийх нь талаас хайрлах ёстой ч тэд хэргээ үнэн зөвөөр нь хурдан шийдүүлбэл ингэж эрсдэлд орох шаардлагагүй юм. Болсон хэргийн үнэн мөнийг дамнуурган дээр хэвттэлээ нуун дарагдуулах хэрэг ч байхгүй. Монголын шинэ цагийн түүхэнд тохиогоогүй явдал долдугаар сарын 1-нд үүссэн учраас дээр доргүй шоконд орсон нь үнэн. Гагцхүү тэр бужигнаан дунд хамгийн сийрэг ухаанаар, хохирол гаргахгүй, хүний амь сүйтгүүлэхгүйгээр ажиллах ёстой хүмүүс нь цагдаагийнхан байсан. Доод тушаалынхан нь хүчин мөхөсдөөд байсан нь үнэн л дээ. Ганц чулууны пян даахгүй хуванцар бамбайныхаа араар бөөн бөөнөөрөө хоргодож, зарим нь баригдан улайрсан залууст балбуулж сүйд болсон. Гагцхүү тэр үед өдгөө шүүгдэгчийн ширээнд сууж буй өндөр тушаалын эрхмүүдийн ухаан саруул, дээрээс тушаал буулгасан байлаа ч эрүүлээр дүгнэж үзээд, хүний аминд хүрэхээр тушаалыг цуцлах самбаа гаргах үүрэгтэй байсан.
Хориод жилийн өмнөхийг саная. Ардчилагчид буюу өдгөөгийн Монгол Улсын баатар, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл тэргүүтэй 13 залууг Сүхийн талбайд өлсгөлөн зарлаад байхад дээд тушаалын увайгүй зарим нь цэрэг цагдаагийн хүч хэрэглэн, бүр танк, их буу оруулж тэднийг нухчин дарах санал гаргаж байсан гэдэг юм. Хэрэгтэй цагт зэвсэг хэрэглэх тушаалыг лацтай дугтуйд хийн Төрийн ордонд төмөр сейфэнд хадгалж байжээ. Гагцхүү МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга агсан Ж.Батмөнх, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд агсан Б.Жамсранжав, МАХН-ын Төв хорооны гишүүн агсан Ц.Намсрай нарын эрүүл саруул үзэл бодолтой хүмүүс байсандаа Сүхбаатарын талбайг Тянь Ань Мэний талбай болголгүй үлдээснийг түүх гэрчилнэ.
Тэр үед өнөөдрийн хэрэг хүлээх чадваргүй гөлөлзүүр дарга нар шиг үлгэн салган эрүүл мэндтэй, өөрсдийнхөө мэдэхийн цаагуур мэддэг хууль, шүүхээс амиа гартал эмээдэг тааруухан эрс азаар төр, засагт байсангүй. Манай” өнөө цагийн баатрууд” 22 жилийн өмнө эрх дархтай байсан бол төв талбайгаа цусанд хутгачихаад хэрэг хүлээх болохоороо өмгөөлөгчөө голж шилээд, өдөрт нэгийг солиод, элэг зүрхээ дараад хэвтчих байж л дээ. Өөрөөр хэлбэл, энэ хулчгарууд 20 жилийн өмнө эрх мэдэл атгаж байсан бол ардчиллыг цустай нь хутгах байж.
Ядахдаа монголчууд өрөвч. Бие нь муудлаа, өлслөө, цангалаа гэхээр л ямар ч хэрэг хийсэн хүнийг эвийлээд, талд нь орж жагсаж тэмцээд, өөрсдөө өлсөөд, өмгөөлөөд унадаг. Шүүгч нарыг зүхээд, заамдаж занаад сүйд болчихдог. Одоо шударга шүүхэд замыг нь нээж, тэр өрөвч, ухаангүй зангаа жаахан татаж суръя. УИХ саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн тухай багц хуулийг баталсан. Багц хуулийн гол агуулга нь “Сүүлийн үнэн үгийг шүүх хэлнэ” гэсэн санаа. Энэ үүргээ шүүх харин шударга биелүүлэх хэрэгтэй. Аз болж өнөөдөр шүүх зоригтой ажиллаж эхэллээ. Элдэв шалтаг хайж шалтгаан тоочсон, өмгөөлөгчөө голж шилсэн эрхмүүдэд “Өөрөө өөрсдийгөө өмгөөлөөд хуралдаа суу” гээд хэлчих шүүгч байгаа нь овоо доо. Монголын шүүхэд гэгээ тусч эхэлснийг Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаяр харуулж байна. Нээрээ ч хэдий болтол Монголын шүүх эрхтэн дархтны өмнө бөхийж муу нэртэй, луу данстай явах билээ. Номоороо ажиллаж байгаа шүүгчдэд талархал илэрхийлж, дөрвийн дөрвөн хүний амь хөнөөсөн хэргийг дөрвөн жилийн ой дээр нь илрүүлж чадна гэж найдъя. АТГ ч сайн ажиллаж байна. Одоо эдэнд шударга ажиллах боломжийг нь олгох л үлдлээ. Гэмтэй нь гэсгээгдэж, гэмгүй нь цагаадна л биз.
НЭМЭЛТ:
Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дөрвөн
даргыг шүүх хурал Урьдчилан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд өчигдөр
боллоо. Шүүхээс Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан,
хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан,
цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 6.6 жилийн, Нийслэлийн цагдаагийн
газрын дарга асан,
цагдаагийн хурандаа О.Зоригтод 5.6 жилийн, Хэв журмын хэлтсийн дарга
асан,
цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарт 2 жилийн ялыг тус тус оноов.
Өршөөлийн хуульд хамруулснаар Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6
жил, О.Зоригтод 2.6 жилийн ялыг тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан,
цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар өршөөлийн хуульд
хамрагдан ялгүй үлджээ.
Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан,
хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч Ж.Яринпил шүүхийн шийдвэрийг
эсэргүүцэн давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна. Өнөөдрийн шүүх хуралд
Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч
асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан,
цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан,
цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан,
цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нар оролцсон юм. Мөн Ч.Амарболдын
өмгөөлөгчөөр Ж.Яринпил, Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Т.Мөнхдэлгэр,
Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр н.Алтан-Өлзий нар ажилласан юм.
