“Та морь унадаг хүн үү?”

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

“Та морь унадаг хүн үү?”

“Өөрөө морь унадаг хүн үү?” Дэлхийд данстай, оюунлиг ертөнцөд дээгүүр эрэмбэлэгддэг Стэнфордын их сургууль, манай ДБЭТ хоёрын анхны уулзалтын анхны асуулт. “Үгүй ээ, би балетчин хүн” Өндөр нуруутай, ази төрхтэй эрийн царайд яаж ч нуух гээд нэмэргүй гайхаж, алмайрсан өнгө дурайтал бичсэн бичиг шиг тод харагдав. Өргөн шарваар маягийн өмдийг өвөрмөц бүрх малгайтай хослуулж өмссөн, тун чөлөөт загварын хувцаслалттай бүсгүйг балетчин, тэгээд цаашлаад даруухан ягаан байшинд амьдардаг ч Азидаа хамгийн томд орох сонгодог урлагийн театрын захирал гэдгийг өнөөх эр төсөөлсөн ч үгүй. Монгол наадмыг үзэж сонирхохоор ирсэн Стэнфордын профессорын гайхашралаар дүүрэн аялал энэ мөчөөс эхэллээ.

Балетчин гэдэг хариулт тэгээд сонгодог театрын захирал хэмээх танилцуулга яг л угсраа цохилт шиг гэнэтийн байлаа. Өөр мэдрэмж, өөр өнцөг, өөр сэтгэлгээ түүнд мэдрэгдэв. “Ямар ч байсан маш өвөрмөц сэтгэлгээтэй менежер хүн байна” гэдэг дүгнэлтэд профессор хүрэв. “Танай театр тэгээд ямархуу урын сантай юм бэ?” гэж асуув. Талын Монголын театрт юу тоглодог нь түүнд сонин байлаа. “Танайд автобус байдаг уу?” хэмээн хааяа нэг энд тэндхийн ертөнцөөс тасарсан нөхдөөс нисэж ирдэг эгдүү хүрэм тэнэг асуултыг бодохнээ хамаагүй соёлтой асуулт. Хариулт нь мөн л гайхашрал байсан гэдэг нь хэн ч харсан илэрхий. Дэлхийн сонгодог урлагт шилдэг гэгддэг бараг бүх л бүтээлийг өнөөх морьтноос өлмий дээрээ гүйн бүжиглэдэг цэмцгэр балетчин болон хувирсан бүсгүй дуржигнуулах шиг санагдав. Монголд мэдэрсэн хамгийн том гайхамшиг нь магадгүй энэ байлаа. Үнэн гэж үү гэж бас бодогдов. “Тэр олон бүтээлийн чанар нь тэгээд ямар бол?” гэж өөрийн эрхгүй хэрэгт дурлав. Үзэх юмсан гэж бодогдов. Өөрийгөө удирдаач гэж энэ эрхэм танилцуулав. Стэнфордод данстай удирдаач өмнө нь өөрөө хүрээд ирээд ирсэнд олзуурхсан театрын захирал Монголын найрал хөгжмийг удирдан тоглуулах саналыг түүнд тавьлаа. Нөгөө чанар нь ямар байгаа бол хэмээн хэрэгт дурласан сэтгэл нь урилгыг хоёр гардан хүлээн авлаа. Энэ бол өнгөрсөн жилийн зун. Наадмын үеэр болсон явдал. ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн, АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор, хөгжим судлаач, удирдаач Жин Дон Кэй хоёрын хэрхэн танилцаж, хамтын ажиллагаа эхлүүлсэн түүх.

Харин яг одоо эрхэм удирдаач Монголын театрт ажиллаж байна. Алдарт “Кармен”, “Хунт нуур” хоёрын гайхамшигт аялгуу түүний дохиурын дор монгол хөгжимчдийн гараас эгшиглэнэ. Одоо ч түүний гайхашрал үргэлжилсэн хэвээр. Хамгийн эхлээд хөгжимчид түүнийг бишрүүлэв. Амралтын өдөр бүхэн тайзан дээр дэлхийн сонгодгуудыг толилуулахаар амрах завгүй шахам ажилладаг тэдний энэ хүнд ачаалал санаанд оромгүй байлаа. Долоо хоног бүр өөр өөр бүтээлийг “үйлдвэрлэдэг” учраас тэдний ур чадвар тун гайхалтайн дээр ямар ч тэмцээнд ороход хэзээ ч бэлэн байдаг тамирчин шиг санагдав. Ийм том хэмжээний урын сантай театр ховор. Ийм том урын санг нуруун дээрээ үүрч явдаг хөгжимчид бүр ховор. Энэ ховор хөгжимчдийн харин авдаг цалинг нь хэлчихвэл аягүй бол нөгөө удирдаач маань буцаж босож ирэхээргүй ухаан алдчихаж мэднэ. Тэр нууц театрынхаа дотор л үлдсэн дээр.

Удирдаач бүхэн өөр өөрийн арга барилтай. Харин цоо шинээр мэндчлэх дохиурын хөдөлгөөнийг хөгжимчид ядах юмгүй хурдан хүлээн авч эхэлсэн нь дараагийн гайхашрал. Дуучид дуулна, хөгжимчид хөгжимдөнө, дараа нь бүжигчид бүжиглэнэ, мөнөөх л хөгжимчид хөгжимдсөөр. Дуучны цээл хоолой, балетчиний уран хөдөлгөөнийг биширдэг үзэгчид сонгодог театрыг нуруун дээрээ үүрч явдаг даруухан хөгжимчдийг анзаардаггүй гэмтэй. Хайр хүрмээр, хүндэлж бахархмаар эгэлхэн хүмүүс.

“Хунт нуур”-ын сургуулилалт эхэллээ. Дасгалжуулагч багш нар болох ардын жүжигчин О.Ганбаатар, гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг нар бүжигчдээ сургуулилалтад бэлэн зогсооно. Багш нарынхаа командаар хөдөлгөөнүүдээ яс гүйцэтгэх бүжигчид дахиад л Жин Донг гайхуулав. “Танай бүжигчид ямар дэг журамтай юм бэ” гэж тэр дуу алдав. “Эд үргэлж ийм байдаг уу?” гэж асуув. “Тийм ээ” гэж Сэргэлэн захирал товчхон хариулав. Тэртээ жараад онд талын нүүдэлчин Монголд Европын соёлын үрийг тарьж, сонгодог театр байгуулалцан, тулгын чулууг нь тавилцаж явсан Б.Жамъяндагва гуайн гавьяа. Монголын балетийн урлагийг улаан гараараа өлгийдөн авч, өдий зэрэгт хүртэл нь өнөөдөр ч зүтгэсээр яваа түүний гавьяа энгэрт нь зүүж өгсөн хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, гавьяат зүтгэлтний гээд олон цол тэмдгээс хэдэн зуу дахин үнэ цэнтэй. Дэргэдүүр нь зөрөөд өнгөрөхдөө хүртэл өөрийн эрхгүй нуруугаа цэхлэн, алхаагаа цэнэмээр болдог энэ буурлын ухаан, авьяас хоёроор өнөөдрийн энэ дэг журам, хаанахын хэний ч өмнө нүүр бардам тоглох урын сан бүтээгдсэн билээ.

Стэнфордын профессорын дараагийн гэнэтийн гайхашрал жирийн нэгэн уран бүтээлч байлаа. Театрын балетийн хөгжмийн редактор А.Батдэлгэр. Ирэх зургадугаар сарын сүүлчээр нээлтээ хийх Атилла хааны тухай балетийг тэр туурвиж байгаа. Балетийнхаа хөгжмийг өөрөө бичиж, бүжгийг нь өөрөө дэглэж байгаа. Цомнолыг нь мөн хамтран бичилцсэн. Харин тэр өөрөө жирийн балетчин мэргэжилтэй хүн. “Хаана ч байхгүй авьяастай, дэлхийн Гиннесийн номд бичигдэхээр хүн” гэж театрын захирал түүнийг тодорхойлов. Жин Дон Кэйд жирийн бус зүйл байлаа, энэ бүхэн. Найрал хөгжимд зориулсан хөгжмийн найруулгаа ч өөрөө бичсэнийг нь сонсоод толгойгоо сэгсрэв. Жараад онд Орост балетийн сургуульд сурч байхдаа ангийнхаа гурван найзтай бөмбөр тоглон “Битлз”-ийн дууг дуулж явсан энэ хүн өнөөдөр түүхэн балет бүтээж байна. Ийм эгэл жирийн, энэ урлагт үнэн сэтгэлээсээ дурласан, зүрх сэтгэл нь сонгодог хэмнэлээр цохилж явдаг уран бүтээлчид энэ театрыг сэтгэлээрээ үүрэн, авьяасаараа тэжээж яваа. Ялангуяа дэлгүүр хоосорч, театр эзгүйрсэн тэр жилүүдэд ходоодондоо биш зүрх сэтгэлдээ үнэнч үлдсэн тэр уран бүтээлчдэд асаж байгаад сүүмэлзэх төдий болсон галыг унтраалгүй авч үлдэн өнөөдрийн цаг үед түүчээлж ирснийх нь төлөө Монгол Улс өртэй. Лангуунд үлдсэн хэдэн уут давс шиг бууриа сахиж хоцорсон тэр хүмүүс өөр зүйл хийж чаддаггүйдээ биш өөр зүйлд сэтгэл зүрх нь дурлаж чадахгүйдээ бүсээ чангалан, бууриа сахиж хоцорсныг хэзээ ч мартах ёсгүй. Мартаж болохгүй түүх зөвхөн хувьсгал, дайн тулаантай холбоотой байдаггүй. Дамдинсүрэн, Ганхуяг, Баясгалан гээд олон том дуурийн гол дүрийг хэдхэн биендээ үүрч ирсэн, өвдөх ч эрхгүй, амрах ч эрхгүй зүтгэж явсан ах нар удаан хүлээсний эцэст араас нь залган гарч ирсэн залууст халаагаа өгчихөөд одоо л нэг санаа нь амран, сэтгэл нь тэнийхийг харахад хайр хүрмээр. Манай төр хайрцаг хайрцгаар нь тараадаг төмөр одонгоо харамлаад тэдэнд өгдөггүй нь өрөвдмөөр. Түүнийгээ өгсөнгүй гэж тэд өөр бусад шиг урваганаж гүйдэггүй нь харин бахархмаар. Гэхдээ сэтгэлдээ горьддог ч юм бил үү, бид мэдэхгүй.

Жин Дон профессор одоо удахгүй мэндлэх Атилла хааны тухай балетийг дохичих юмсан гэсэн нууцхан мөрөөдөлтэй болсон гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Азийн элгэнд орших, нүүдлийн соёл иргэншил, дайнч тулаанч хаанаараа дэлхийд нэрийн хуудсаа хийдэг энэ орны театр түүнийг ингэтлээ татна гэж төсөөлөө ч үгүй нь лавтай. Монгол орон газар доорх баялгаараа дэлхийн чихийг дэлдийлгэн, нүдийг нь бүлтийлгэж байна. Шуналыг нь хөдөлгөн, шүлсийг нь ч гоожуулж байна. Уул уурхай гэдэг урлагийнханд хол хөндий зүйл. “Монгол моодонд орж, баялгаараа анхаарлыг нь татаж байгаа энэ цаг үеийг бид ашиглаад театраа дэлхийн тавцанд гаргах хэрэгтэй” Б.Сэргэлэн захирлын бодол ийм. Хүн бүхэн уул уурхайг мөнгө гэж харж байхад харин тэр гүүр хэмээн бодож байна. Намхан байшинтай “өндөр” театрт гүүрийг нь хэрвээ бариад өгчихвөл гайхуулах зүйл зөндөө бий. Магадгүй манайх гэж гайхуулах хамгийн том баялаг ч энэ байж мэднэ.

Б.Цацрал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж