Санамж бичигт гарын үсэг зурав

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Санамж бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн, БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч  Санг-Ву Мун нар хоёр улсын сонгуулийн төв байгууллагын хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт  өнөөдөр гарын үсэг зурлаа.  Сонгуулийг удирдан зохион байгуулж явуулах салбарт хамтын ажиллагааны үндсийг тавих, хоёр талын сонирхлын хүрээнд хамтран ажиллах, мэдээлэл, технологи болон туршлага солилцох бололцоог хангахад  энэхүү санамж бичгийн зорилго оршиж байгаа ажээ.

Сонгуулийн тогтолцоо, сонгуулийн автоматжуулсан систем, улс төр дахь ардчиллын соёлыг хөгжүүлэх, сонгогчдын боловсрол зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар уг санамж бичигт тусгасан байна. Мөн  мэдээлэл болон баримт бичиг солилцох, шинжээчид болон ажилтнуудаа харилцан илгээх, сонгуулийг үр дүнтэй зохион байгуулж явуулах талаар хамтарсан судалгаа шинжилгээ хийх, сонгууль зохион байгуулж явуулах талаар болон талуудын сонирхсон бусад асуудлаар уулзалт, семинар зохион байгуулах  зэрэг үйл ажиллагаа явуулахаар тусгажээ.

Энэхүү хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр улсын сонгуулийн төв байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байгааг хоёр тал онцлон тэмдэглэв.

Энэ арга хэмжээний үеэр БНСУ-ын Үндэсний сонгуулийн Комисс Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороонд 62 ширхэг компьютер бэлэглэж байгаагаа  БНСУ-ын сонгуулийн байгуууллагын төлөөлөгчдийн тэргүүн мэдэгдэж  тэдгээрийг монголын талд албан ёсоор хүлээлгэн өгөв.  

Энэ арга хэмжээний өмнө БНСУ-ын Үндэсний сонгуулийн Комиссын төлөөлөгчдийг УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Н.Лувсанжав нар тус тус хүлээн авч уулзав гэж СЕХ-ны Хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж