Сонгуулийн тогтолцоо, сонгуулийн автоматжуулсан систем, улс төр дахь ардчиллын соёлыг хөгжүүлэх, сонгогчдын боловсрол зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар уг санамж бичигт тусгасан байна. Мөн мэдээлэл болон баримт бичиг солилцох, шинжээчид болон ажилтнуудаа харилцан илгээх, сонгуулийг үр дүнтэй зохион байгуулж явуулах талаар хамтарсан судалгаа шинжилгээ хийх, сонгууль зохион байгуулж явуулах талаар болон талуудын сонирхсон бусад асуудлаар уулзалт, семинар зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулахаар тусгажээ.
Энэхүү хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр улсын сонгуулийн төв байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байгааг хоёр тал онцлон тэмдэглэв.
Энэ арга хэмжээний үеэр БНСУ-ын Үндэсний сонгуулийн Комисс Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороонд 62 ширхэг компьютер бэлэглэж байгаагаа БНСУ-ын сонгуулийн байгуууллагын төлөөлөгчдийн тэргүүн мэдэгдэж тэдгээрийг монголын талд албан ёсоор хүлээлгэн өгөв.
Энэ арга хэмжээний өмнө БНСУ-ын Үндэсний сонгуулийн Комиссын төлөөлөгчдийг УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Н.Лувсанжав нар тус тус хүлээн авч уулзав гэж СЕХ-ны Хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.