Чандаганын цахилгаан станцын төслийг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

Чандаганын цахилгаан станцын төслийг танилцуулав

Канадын уул уурхайн компани болох “Професи Коал” Хэнтий аймгийн Чандаганын талд эрчим хүчний эх үүсвэр барихаар болсон. Энэхүү ажлын хүрээнд өчигдөр цахилгаан станц барих газарт мэргэжилтнүүд болон хэвлэлийнхэн очиж, бодит байдалтай танилцууллаа.

Хамгийн ойрын хугацаанд баригдах эрчим хүчний шинэ эх үүсвэр хэмээгээд буй Чандаганын дулааны цахилгаан станцыг Хэнтий аймгийн Чандаганын талд барихаар “Професи Коал” компани 2011 оны 11 дүгээр сард тусгай зөвшөөрлийг авсан байна.

Харин энэ зургадугаар сард эрчим хүч худалдан авах гэрээнд гарын үсэг зурах бөгөөд цаашид техник, тоног төхөөрөмж, худалдан авалт, барилгын ажлын гэрээнүүдийг хийх гэнэ. Ингэснээр ажилтан авах хэрэгцээ, тоног төхөөрөмж, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг хийх хууль, эрх зүйн орчин бүрдэх юм байна.

Цахилгаан станцыг “Професи Коал” компани  Чандаганын нүүрсний уурхайн аман дээр 2016 он гэхэд байгуулсан байх ажээ. Ингэхдээ цахилгаан станцыг эхний ээлжинд 600 мегаваттын хүчин чадалтай байхаар төлөвлөж байгаа бөгөөд цаашдаа 3600 мегаватт хүртэл хүчин чадлаа нэмэх зорилготой талаар танилцууллаа.

Чандаганын дулааны цахилгаан станцыг байгуулах ажлын санхүүжилт олны анхаарлыг татаж байгаа. Тус төсөл нь 100 хувь өөрийгөө санхүүжүүлэх буюу Монголын Засгийн газар ямарваа зардал гаргахгүй гэнэ. Энэ нь Монгол Улсын хувьд эрчим хүчээ дотоодоосоо бүрэн хангаад зогсохгүй, экспортлогч орон болох ач холбогдолтой юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж