Зургаадугаар сарын 30-нд нэг секунд нэмнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

Зургаадугаар сарын 30-нд нэг секунд нэмнэ

Бидний хэрэглэдэг хугацаа буюу гринвичийн цагт нэг секунд нэмэх гэж
байгаа тухай Стандартчилал хэмжилзүйн газрын Цаг давтамжийн албаны
мэргэжилтэн Г.Дунхүүгээс тодрууллаа.

-Гринвичийн цаг буюу бидний хэрэглэдэг цагт нэг секунд нэмнэ гэж сонссон. Ямар учраас нэмж байгаа юм бэ?

-Олон улсын зохицуулсан цаг буюу UTC нь гринвичийн цаг, олон улсын
атомын цаг хоёрын дундаас гарч ирсэн цаг байдаг юм. Астрономын нарийн
судалгаагаар дэлхийн бөмбөрцгийн цагийн зөрүүний дундаж нь нарны цагаас
16 минутаар зөрдөг болох нь тогтоогдсон. Улмаар судалгаа шинжилгээ
нарийн хийсний дүнд энэ зөрүү нь дэлхий өөрийн тэнхлэгийн дагуу эргэх
үед үүсдэг болохыг тогтоосон юм. Ингээд зөрүү нь ±0,9 секундээс их
болоод ирэхээр түүнийг нь залруулдаг. Үүнээс хойш гринвичийн цаг буюу
одоо бидний хэрэглэж буй цагийг нэг секундээр нэмэх шаардлагатай болоод
байгаа юм.

-Ингэж нэг секунд нэмэхгүй байснаар ямар хохиролтой юм бэ?

-Секунд нэмэхгүй байвал, жишээ нь олон улсын нисэх онгоцны буудал, мөн
банкны сүлжээнд асуудал үүснэ. Банкны сүлжээ гэдэг чинь өөрөө секунд
долиор хэмжигдэн үйл ажиллагаа явуулж байдаг. Нэг гээд л тоолох хооронд
асар их валют урсч байдаг юм гэсэн. Тэгэхээр энэ мэтчилэн зүйлсийг
бүгдийг нь олон улсын цагаар хийнэ шүү дээ. Банкны сүлжээнд л гэхэд нэг
секунд нэмэхгүй байснаар ямар их гарз хохирол учрах вэ гэдгийг бид хэлж
мэдэхгүй.

-Яг хэзээ яаж нэмэх вэ?

-Зургадугаар сарын 30-ны шөнө нэмнэ. Угаасаа дэлхийн хэмжээнд хагас
жилээр юм уу, бүтэн жилээр нэмэлт хийдэг юм. Энэ удаагийнх зургадугаар
сарын 30-ны шөнө хийхээр таарч байна. 2012 оны зургадугаар сарын 30-ны
23 цаг 59 минут 59 секунд  болох үед тэрийг шууд 24 цаг 00 минут болгох
юм.

-Тэгэхээр нэг секунд хасч байгаа юм биш үү?

-Энгийн хүмүүс харахад хасч байгаа юм шиг санагдаж байгаа боловч, яг цаг тоололд авч үзэх юм бол нэмж байна гэж тайлбарладаг юм.

-Нэг секунд нэмснээр иргэдийн амьдралд, цаганд ямар нэг өөрчлөлт гарах болов уу?

-Нэг секунд гэдэг утгаараа энгийн амьдралд бол нэг их өөрчлөлт гарахгүй
болов уу гэж бодож байна. Харин секундээр хэмждэг спортын зарим уралдаан
тэмцээнүүд байдаг. Нэмэхгүй байснаар мөн спортын нарийн, секундээр
хэмжигдэх төрөлд нөлөөлөх байх. Бусад зүйлд бол нэг секунд нөлөөлөөд
байх нь гайгүй байх гэж үзэж байгаа.

-Дэлхийн орнууд яг нэг зэрэг секунд нэмэх үү?

-Тэгнэ. Гэхдээ бүх орнууд өөрийнхөө цагаар зургадугаар сарын 30-ны 24
цагт л нэмнэ. Жишээлбэл, манай улс гринвичийн цагаас найман цагийн
зөрүүтэй. Тэгэхээр Монгол Улс өөрийнхөө цагаар 24 цагт нэмнэ. Олон улсын
цагаар бол манайд өглөөний найман цаг болж байна гэсэн үг л дээ. Өөр
орнууд ч мөн 24 цаг нь хэзээ болно тэр үедээ л нэг секунд нэмэх юм.


-Яг хэзээнээс нэг секунд нэмэх шаардлагатай гэдгийг тодорхойлж мэдсэн юм бэ?

-Хамгийн анх бол 1972 оны нэгдүгээр сарын 1-ээс эхэлсэн.

-Өмнө нь хэзээ нэмж байсан бэ?

-Монгол Улсын Цаг, давтамжийн алба 1979 онд байгуулагдан Олон улсын
зохицуулсан цагаар цагаа тааруулж ирсэн. Энэ секундын залруулга
1980,1988, 1990-1994 онд жил бүр, 1996,1997,1999, 2006, 2009 онуудад
хийгдсэн. Тэгээд одоо 2012 оны зургадугаар сарын 30-нд секундын
залруулга хийгдэнэ.


-Яагаад заавал сарын сүүлийн өдрийг сонгосон юм бол?

-Цагийн засварыг хийх шаардлага гарсан үед олон улсын цаг хугацааны
албанаас урьдчилан зарлаж, сарын сүүлчийн секундэд, гэхдээ ихэвчлэн
арванхоёрдугаар сарын 31, эсвэл зургадугаар сарын       30-нд хийхээр
мэдээлдэг.


Б.Золзаяа
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж