twitter-т тавьж болох уу. Тэгмэгцээ Ерөнхийлөгч асан П.Очирбат,
Н.Багабанди, Н.Энхбаяр нарт огт хамаагүй сэдвийг түүнд хавсаргаж болно
гэж үү” хэмээн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал асуув. Үндэсний аюулгүй
байдлын зөвлөлийн үе, үеийн тэргүүний огт хэлээгүй үг, илэрхийлээгүй
саналыг дэггүй twitter-чид цахим хуудаст зурагтай нь хамт байршуулсан нь
гадаад, дотоод ертөнцөд буруу ойлголт төрүүлэх вий гэж болгоомжилсондоо
тэр. ОХУ мэдээллийн технологиор мэргэшсэн зохион байгуулалттай
бүлэглэл, Хятад улс мэдээллийн бүхэл бүтэн армитай. Америк, Япон, Өмнөд
Солонгос улс ч мөн ялгаагүй. Цахим ертөнцөөр мэргэшсэн “цэргүүдтэй”.
Тиймээс Монголын төр кибер аюулгүй байдалд анхаарч эхэллээ. Мэдээллийн
дайн дэлхий нийтэд нэгэнт эхэлчихсэн учраас хамгаалалтын бүс тогтооход
анхаарах болов. Энэхүү дайны баатраар Wikileaks-ийн тэргүүн Жулиан
Ассанж тодорчихоод байгаа билээ. Харин монголчууд америкчууд шиг
Ассанжид баллуулахгүйн тулд бэлэн байдал зарлажээ.
Улс гүрнүүдийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалж ч болох, бас түүнд нь
халдаж ч болох хамгийн том зэвсэг бол мэдээллийн технологи. Тиймээс
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад
бодлогын байнгын хороо хамтран “Үндэсний аюулгүй байдал ба хэвлэл
мэдээлэл” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр
Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг
“Мэдээллийн үр нөлөөг хэрхэн ашиглах, түүгээр дамжуулан бусдад яаж
нөлөөлөх вэ гэдэг урьд нь тагнуулын байгууллагынхны гүйцэтгэдэг тусгай
ажил байсан. Харин одоо чухал мэдээллүүдийн 80 хувийг хэвлэл мэдээллийн
хэрэгслүүдээс анализ хийн авах боломж бүрдсэн. Мэдээллийн дайн гэдэг
террористуудын хорлон сүйтгэх ажиллагаа, төр, иргэн хоёрыг хагаралдуулах
үйл явц, бусдыг дайн самуунд өдөөн турхирах гол зэвсэг боллоо. Өртөг
багатай учраас хүмүүс ийм арга сонгож байгаа нь Ойрхи Дорнодод болж буй
үйл явцуудаас тодорхой харагдана” хэмээн онцоллоо. Харин “Мэдээллийн
технологи хөгжихийн хэрээр хувь хүний нууц маш эмзэг асуудлын тоонд
орлоо. Харь орнуудын шашин, соёлыг сурталчилсан нэвтрүүлгүүд, янз бүрийн
реалити шоуг телевизээр орой болгон нэвтрүүлж байгаа нь залуусыг
үндэсний үнэт зүйлсээ мэддэггүй “зомби” болгож байна. Хэвлэлийнхэн
төлбөрт мэдээллүүдээ хэний захиалгаар нийтэлснээ ил тод зарладаг болох
хэрэгтэй. Учир нь тэрхүү мэдээллийнх нь утга санаа үндэсний аюулгүй
байдалд нөлөөлөх магадлалтай” гэсэн юм.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
Я.Батсуурь хэвлэлийнхэнд шүүмжлэлтэй хандлаа. Түүний хэлснээр,
сэтгүүлчид Монгол төр, төрийн өндөр албан тушаалтнуудыг ард түмэнд
муухай болгон харагдуулдаг. Тиймээс төр болон төрийн түшээдийн нэр хүнд
унаж, үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж мэдэхээр болсон юм байх. Эрхэм
гишүүн иймэрхүү утгатай үгийг анхааруулах, сануулахын хооронд хэлж “УИХ
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Төрийн нууцын тухай хууль, Кибер
аюулгүй байдлын тухай хуулийг тун удахгүй батална” гэв. Аль ч улсад нууц
бий. Тэдгээрийг кибер орчноор хамгаалах учиртай гэдгийг тэрбээр
хэллээ.
УИХ өнгөрсөн оны хаврын чуулганаар Үндэсний аюулгүй байдлын үзэл
баримтлалыг баталсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний аюулгүй байдлын
зөвлөлийн тэргүүний хувьд хамгийн анх батлуулсан баримт бичиг нь энэ юм.
Одоогоос 17 жилийн өмнө буюу 1994 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын
үзэл баримтлалд төр төвтэй тогтолцоог онцолсон. Харин өнгөрсөн онд
баталсан үзэл баримтлалд “Төр, иргэний хамтын ажиллагаа үндэсний аюулгүй
байдлыг хангана” гэж тусгасан билээ. Тиймээс Монгол Улсын үндэсний
аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсгийг оршин тогтнохуйн аюулгүй байдал,
соёл иргэншлийн аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, төсөв,
санхүүгийн салбарын аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, амьдрах
орчны аюулгүй байдал, хүрээлэн буй орчны аюулгүй байдал зэргээр
томъёолжээ.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Фукушимад цөмийн зарим байгууламж аль
хэдийнэ сүйдсэн ч хэвлэлийнхэн “Эдгээр байгууламж дэлбэрч магадгүй.
Тиймээс хөргөхийн тулд ус цацаж байна” хэмээн мэдээлж байсан” гэсэн бол
З.Энхболд гишүүн “Сэтгүүлчид аливаа зүйлийн учрыг олж бичдэг байх
хэрэгтэй. Тэгэхгүй бол улс орны эдийн засагт ямар ч эрсдэл учруулж
мэднэ. Буруу мэдээллийг хэт дэвэргэснээс нийтээрээ хохирч хоцрох
аюултай” гэлээ. Ямартай ч төрийн түшээд кибер дайнаас сэрэмжилж эхлэв
бололтой. Харин хэр бэлтгэлтэй байгаа нь сонирхол
татна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин