А.Баянмөнхийн цаазын ялыг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

А.Баянмөнхийн цаазын ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар А.Баянмөнхөд холбогдох хэргийг өнөөдөр хянан хэлэлцсэн байна. Шүүх бүрэлдэхүүн А.Баянмөнхөд анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэсэн шийдвэрийг гаргажээ.

Хэргийг сануулахад, А.Баянмөнх нь 2011 оны долоодугаар сарын 6-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хүйтний Хонхорхойн адаг гэх газарт өс хонзонгийн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар иргэн М-ыг олон удаа хутгалж, С-ийг бууны бөгсөөр толгойн тус газар нь олон удаа цохиж санаатайгаар амь насыг нь хөнөөсөн. Мөн тэр үед гэрт байсан нэг нас есөн сартай Х-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүчтэй өшиглөн авдар мөргүүлэн хүнд гэмтээж алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн. Хохирогчдыг хөнөөснийхөө дараа М-ын эмээл, хазаартай морь, дээл, малгай, бүс, гутал зэргийг хулгайлсан аж. Түүнчлэн мөн шөнөдөө Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Тавантолгой гэх газраас иргэн Б-ийн 18 адууг хулгайлж 8 сая 50000 төгрөгийн хохирол учруулжээ.

Үүнээс өмнө 2011 оны зургаадугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дээд буурт гэх газраас иргэн Б-ын 8 адуу, эмээл, хазаар, Ц-ийн 29 адууг тус тус хулгайлж, нийт 12 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан байна.    

                                            Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж