
Өчигдөр батлагдсан Засгийн газрын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шадар сайд М.Энхболд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт үүрэг болгосон. Иймд тус хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлуудаар БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын орлогч дарга Б.Саран, ЭБЭХЯ-ны Геологийн бодлогын газрын орлогч дарга н.Баттулга болон яамдын холбогдох албаныхан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
“Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоосон тухай танилцуулга
“Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль болон уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2009 оны 55 дугаар тогтоол тус тус батлагдсанаар ойн сан бүхий газар, гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газар, усан хангамжийн эх үүсвэрүүд, тэдгээрийн хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох талаарх Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан асуудал хэрэгжих эрх зүйн үндэслэл бүрдсэн юм. Энэ хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн зааг тогтоох, хилийн заагт ашигт малтмалын хайгуул, ашиглалт явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоох, байгаль орчныг нөхөн сэргээх, нөхөн олговор олгох журам баталж хэрэгжүүлэх зэрэг ажлыг үе шаттайгаар хийх үүргийг холбогдох яам, агентлагт өгч, хяналт тавьж ажиллаж байна. “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 2010 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлэн орон даяар усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох ажлыг 21 аймагт 54 ажлын хэсэг байгуулан ажиллаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газар, иргэний төлөөлөл бүхий 60 гаруй ТББ-ыг оролцуулан нийт 1500 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр хамтран зохион байгуулж, 2010 оны 6 дугаар сарын 20-нд дуусгасан. Энэ ажилд нийт 264 сая төгрөг зарцуулагдсан. “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3, Улсын Их Хурлын 55 дугаар тогтоолын 1.1 дэх хэсэгт заасны дагуу “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн зааг”-ийг тогтоосон цэг, солбицол бусад мэдээллийг Монгол Улсын ойн болон усны мэдээллийн нэгдсэн санд оруулсан байдлаар тогтоолгохоор яамдаас санал авч, Засгийн газрын 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр болон 8 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар тус тус хэлэлцүүлж, уг мэдээлэлд үндэслэн 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдөр зөвхөн алтны шороон ордын тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарч буй хэсгийн хилийн заагийг хэсэгчлэн тогтоож, Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол гарсан. Засгийн газрын 2 удаагийн хурлаар хэлэлцүүлсэн “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн зааг”-ийг манай яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар болон Ойн газраас дараах байдлаар тогтоож Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн тогтоол гаргуулаад байна.
Үүнд:
-ГОЛ МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ:
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамруулан гол мөрний урсацын дийлэнх хэсэг буюу 70 гаруй хувь нь бүрэлдэн бий болдог “Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг”-ийг бүсчлэлийн кодоор кодлон дугаарласан 18 аймгийн 109 талбай, 6940 цэгийн газарзүйн солбицол, талбай тус бүрийн хилийн урт /км/, талбай /км.кв/, харьяалах аймаг, сумаар нь нэг бүрчлэн тогтоосон.
-УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС:
Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс тогтоох ажлыг Монгол орны бүх аймаг, сум, суурин газарт хүрч ажиллан Усны тухай хуулийн 16.1.5-д заасны дагуу 21 аймгийн 314 сумын Засаг даргын захирамж гаргуулан 89049,49 км.кв талбайг хамгаалалтад авч, Усны мэдээллийн санд нэгтгэн боловсруулсан. Улсын хэмжээнд 2007 онд гадаргын усны тоо бүртгэлээр устай гэж бүртгэгдсэн гол горхи, булаг шанд, нуур тойрмын 71.6 хувийг хамруулан энгийн хамгаалалтын бүс тогтоосон. Энгийн хамгаалалтын бүсийг газарзүйн байршил, геоморфологи, геологийн тогтцоос нь шалтгаалан хангайн уулархаг раойнд 200-500 м хүртэл, тал хээр, говийн раойнд 500-5000 м хүртэл зурвас үүсгэн “Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс”-ийг улсын хэмжээнд 3335 талбайн 2 833 700 /2.8 сая/ газарзүйн цэгийн солбицол тогтоосон.
-ОЙН САН БҮХИЙ ГАЗАР:
Монгол орны ойн сангийн нийт талбайн 18.6 сая гектар буюу улсын нийт нутаг дэвсгэрийн 11.89%-ийг эзлэх ба үүний 14.0 сая.га буюу 75.4%-ийг навчит шилмүүст мод, 4.6 сая.га буюу 24.6%-ийг заган ой эзэлнэ. Ойн сангийн талбай нь заган ойг оролцуулаад 20 аймгийн 228 сум, 1 хотын 7 дүүргийн нутагт янз бүрийн хэлбэр дүрс, хэмжээтэй, орон зайн байрлалын хувьд үргэлж биш зарим хэсэгт бие биеэс тасарсан 59107 талбай /ялгарал/-аас бүрдэж байна. Ойн сан бүхий газарт хамрагдаж байгаа дээрх 59107 полигон хэлбэртэй зургийг цэгэн хэлбэрт шилжүүлэн ойн сангийн хилийн заагийг нийт 3 536 490 цэгийн солбицлоор тус тус тогтоогоод байна. “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоосон цэг, солбицол бусад мэдээллийг Монгол Улсын ойн болон усны мэдээллийн нэгдсэн санд оруулсан байдлаар тогтоох асуудлыг Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хурлаар хэлэлцэн баталсан.