Биллингийн үйлчилгээ гэдэг нь товчоор гэрээгээр төлбөр төлөх буюу захиалгат шилжүүлгийн үйлчилгээ юм байна. Тодруулбал, та ажил ихтэй, банк ороод байх цаг заваар муу бол банк таны өмнөөс төлбөр, хураамжийг чинь төлж, тооцоог тань хийж үйлчилнэ гэсэн үг. Үүнд, орон сууцны мөнгө, цахилгааны төлбөрөөс аваад утас, телефон, СӨх-ийн төлбөр хүртэл орох юм байна. Ингэхдээ та банктай гэрээ хийнэ банк уг гэрээний дагуу тухайн банкин дахь таны данснаас үйлчилгээний төлбөрүүдийг хийгээд явна гэсэн үг. Танд төлбөрийг тань төлсөн мэдээллийг (дансны тань хуулга, төлбөрийн нэхэмжлэл зэрэг) банкнаас өгнө.
Биллингээр үйлчлүүлэхэд харилцагч танаас шаардагдах зүйл гэвэл банкин дахь дансандаа төлбөрүүдийг тань төлөхөд хүрэлцэхүйц хэмжээний мөнгөн дүнийн үлдэгдэлтэй байх хэрэгтэй аж. Түүгээр чинь банк таны төлбөрийг ирсэн нэхэмжлэлийн дарааллаар төлнө (шилжүүлнэ гэсэн үг). Ингэснээр та төлбөр, тооцоогоо хугацаа алдахгүйгээр төлж байна. Харин захиалгат шилжүүлгийн үйлчилгээ гэдэг нь таны данснаас тогтмол хэмжээний мөнгийг тогтоосон хугацаанд (сард 1 удаа, 14 хоногт 1 удаа, 7 хоногт 1 удаа гэх мэт сонголтоор) өөр данс руу автоматаар шилжүүлэхийг хэлэх аж. Үүнд хуримтлал үүсгэх үүднээс шинээр данс нээлгэлээ гэхэд өөрийн тогтоосон хэмжээний мөнгийг шилжүүлэх, интернэт, кабелийн үйлчилгээ зэрэг тодорхой хугацаанд тогтмол төлдөг төлбөрүүдийг шилжүүлэх зэрэг орох юм байна.
Биллингийн дээрх хоёр төрлийн үйлчилгээг авснаар тa төлбөр, тооцоо хийх гэж банкинд очих шаардлагагүй болно. Цагийн хязгааргүй үйлчлүүлнэ. Мөн бэлэн мөнгөтэй холбоотойгоор үүсдэг хулгайд алдах зэрэг эрсдлүүдээс хамгаалагдана. Интернэтээр дамжуулан дансны хуулгаа харж болно. Эцэсг нь та зайлшгүй төллөх төлбөр, тооцоогоо банкаар гүйцэтгүүлэх явцад мөнгөө хянаж, улмаар хуримтлал үүсгэх боломжтой болох аж.